УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэгэн ноцтой мэдээллийг хийсэн. Тэрбээр "Манай Үндсэн хуулийн цэцийн дарга тэтгэвэрт гарах нас нь өнгөрөөд УИХ-аас баталсан хуулийн дагуу Улсын дээд шүүх цэцийн гишүүний орон тоог зарласан юм байна. Гэтэл цэцийн дарга "Би тэтгэвэрт гарахгүй. Энэ бол надад үйлчлэхгүй" гээд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчсөн гээд хэрэг үүсгэчихсэн байна. Өөрөөр хэлбэл, маш том зодоон болж байгаа юм байна. Энэ бол Үндсэн хуулийн хямрал руу түлхэх нь. Цэц ийм байж болох уу" гэсэн юм.
Уг асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатыг төрийн алба хаших насны дээд хязгаарт хүрсэн. Уг суудал нь УДШ-ээс илгээсэн суудал учир тухайн орон тоон дээр нь сонгон шалгаруулалт хийх шийдвэрийг УДШ нийт шүүгчдийн хуралдаанаас гаргаад Дээд шүүхийн процесс явагдаж байгаа юм байна. Үүнийг нь цэцийн гишүүн Г.Туулхүү шийдвэр гаргаж, УДШ-ийн процессийг зогсоосон юм байна.
Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр иргэн Т тухайн үеийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батсүрэнд дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан юм байна. Улмаар тус оны гуравдугаар сарын 10-ны өдөр иргэн Т-д ажлын албаны даргаараа дамжуулан дүгнэлт бичих үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөн байна. Дараа нь зургаадугаар сарын 2-ны өдөр одоогийн дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг томилогдсоны дараа иргэн Т яг дээрх асуудлаараа дахин Дээд шүүхэд гомдол гаргасан байна лээ. Харин дээд шүүхээс өмнө нь хариу өгсөн байх тул дүгнэлт гаргах боломжгүй гэж хариу өгсөн байна. Улмаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг үүсгээд ирэх 7 хоногийн даваа гаригт цэцийн долоон гишүүний бүрэлдэхүүнтэй Их суудлын хуралдаанаар эцэслэн шийднэ.
Хэрвээ үндсэн хууль зөрчигдсөн гэсэн шийдвэр гарвал Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах нөхцөл бүрдэх юм билээ" гэлээ.