Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Одсүрэн: Зогсоолын бүсчлэлийн зайг тогтоох, төлбөрийг шинэчлэх асуудлыг ирэх долоо хоногт НИТХ-аар хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 41 секунд

Өдөр тутмын сонинуудын холбооноос зохион байгуулсан “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн тэргүүтэй нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцсон юм. Ингээд Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэнгээс цөөн зүйлийг тодрууллаа.

-Өнөөдөр нийслэлд 4860 гарааш буулгах ажил үргэлжилж байна. Энэ ажил замын түгжрэлд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

-Хотод иргэдийг явган зорчиход саад болдог олон бэрхшээл бий. Нэгдүгээрт, Улаанбаатар хотод хашаа их байна. Хоёрдугаарт, гараашны асуудал байна. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэхэд хашаа дагуулаад маш олон гарааш барьсан. Өмнөх онуудад жилд 100 гарааш буулгадаг байсан бол өнгөрсөн жилийн хувьд 1000 орчим гарааш буулгасан. Энэ жил 4800 гарааш буулгана. Ингэснээр нэгдүгээрт, хотын өнгө үзэмж, орон зайд эерэг нөлөө үзүүлнэ. Хоёрдугаарт ногоон байгууламж нэмэгдэнэ. Мөн зогсоол нэмэгдэх боломжтой. Давхар зогсоол болон нийгмийн байгууламжуудыг бий болгох боломж бүрдэнэ. Гарааш буулгаснаар түгжрэл тэдэн хувиар буурна гэсэн тооцоо гаргах боломжгүй ч маш эерэг нөлөө үзүүлнэ. Харин ч олон жилийн өмнө хийх ёстой байсан ажлыг хийж чадаагүйгээс болоод өнөөдрийн нөхцөлд хүрсэн. Хотын хэмжээнд зам дээр саадгүй явдагтай адил явган зам саад бэрхшээлгүй байх ёстой. Хотын захиргаанаас стандартын хэмжээнд бүсчлэлийн асуудал, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг сайжруулах, шаардлага тавих ажлууд хийнэ. Хотын хэмжээнд нэн тэргүүнд хашаагаа буулгая гэдгийг нийт иргэд, аж ахуйн нэгжүүддээ уриалмаар байна. Өмчлөх сэтгэхүйгээ больё. Нийтийн эрх ашгийг дээдэлье. Бүгд газраа эмжээд, хашаа барьчих юм бол бүгд машинд суухаас аргагүй нөхцөл бий болно. Иймд явган замын нөхцөл байдлаа сайжруулъя, хашаагаа буулгая гэдэг уриалгыг гаргаж байна.

-560 автобусаар парк шинэчилнэ. Техникийн хувьд ямар шаардлага тавьж, ямар автобуснууд орж ирэх вэ?

-Автобусны техникийн үзүүлэлтийг манай мэргэжлийн байгууллагууд гаргадаг. Цахилгаан автобусанд хамгийн том үзүүлэлт нь батарей байдаг. Автобус өдөрт 12 цаг ажиллахын тулд 260-320 киловатт цагийн хүчин чадалтай батарейтай байх ёстой. Мөн суудлын тоо болон бусад багтаамж, жолооны хүрд, автобусны дулаан алдалтыг харгалзана. Өвлийн цагт халаагуур ажиллаж байх ёстой. Гэтэл цахилгаан автобус бол батарейгаар халуунаар үлээж чаддаггүй. Иймд нэмэлт дизель түлшээр салоноо халаах төхөөрөмж тавих ёстой. Түүнчлэн дугуй болон бусад гадна талын зарлан мэдээлэх электрон самбар гэх мэт нарийн үзүүлэлтүүд бий.

-Хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр гадаа нь зогсоол байдаггүй. Зогсоол байлаа ч тэр нь стандарт бус. Зогсоолын асуудлыг нийслэл шийдэх үү?

-Улаанбаатар хотын зогсоол бол цогц асуудал. Бүх зогсоолыг төлбөртэй болгохын тулд зогсоол стандарттай байх ёстой. Тухайлбал, зогсоол руу орох гарах, давхар тавих боломжгүй байх, төлбөр авах, хэрэгжүүлэх үндэс суурь, нөхцөлийг бий болгох ёстой. Эхний ээлжид Бага тойруугийн зогсоолуудыг энэ ондоо багтаан стандартад оруулж байгаа. Дараа жилээс Их Тойруугийн зогсоолуудыг гэхчлэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тэрнээс өм цөм, наана цаана хийх боломжгүй.

Улаанбаатар хотын гол гудамж, зам дээр зогсоол байх боломжгүй. Ялангуяа төв зам дээр байгаа замын хажуугийн зогсоолуудыг НИТХ-аар оруулж, стандартад оруулахаар ажиллаж байна. Төв замд хажуугийн зогсоолтой байхаар машинтай иргэд давхар зогсоод, нэгдүгээр эгнээгээ тэр чигээр нь хаачихдаг. Үүнээс болж автобус нэгдүгээр эгнээнд биш, хоёрдугаар эгнээ рүү ордог. Улмаар зорчих хөдөлгөөн эрс буурдаг.

Түүнчлэн зогсоолын бүсчлэлийн орон зайг тогтоох, бүсчлэлээ дагаад зогсоолын төлбөр тогтоох асуудал байна. Зогсоолын төлбөрийг шинэчилж байна. Дараа долоо хоногт НИТХ-аар хэлэлцэнэ. Зогсоолыг төлбөржүүлээд, стандарттай болгосноор түгжрэлийг 16 хувиар бууруулах боломжтой.

-Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг хэзээ эхлэх вэ?

-Богдхан төмөр замын хувьд ТЭЗҮ хийсэн, одоо бүтээн байгуулалтын ажлыг хийж эхэлнэ. Хотыг голоор нь хувааж байгаа төмөр замыг хотоос гаргана. Таван шар, Нарантуул захын уулзвар дээр галт тэрэгний хөдөлгөөнөөс шалтгаалаад өдөртөө 55 удаа авто замын хөдөлгөөнийг хааж байдаг. Энэ байдал чөлөөтэй болно. Нөгөөтээгүүр аюултай ачаа тээвэрлэлт хот дундуур явахгүй болно.

“Торгууль төлөөгүй жолооч нарт төрийн үйлчилгээг хязгаарлах саналыг Зөрчлийн тухай хуульд оруулж байгаа“
“Торгууль төлөөгүй жолооч нарт төрийн үйлчилгээг хязгаарлах саналыг Зөрчлийн тухай хуульд оруулж байгаа“
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.