УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, удтал “унтаад” байсан ордны улс төр “сэрлээ”. Тамга тэмдэг, дарга цэргээ булаацалдсан Ардчилсан намынхан тал талдаа хэвлэлийнхэнд хандаж өөрсдийн асуудлаа ярьцгааж байна.
Харин олонхыг бүрдүүлдэг Ардын намынхан энэ хавар “давхар дээл” тойрсон Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг явуулахаар тохиролцоод буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгэнд Үндсэн хуулиа өөрчлөхтэй холбоотой хэд хэдэн сонирхолтой ньюансууд хэлэгдлээ.
Тодруулбал, тэрбээр “Сонгуулийн тогтолцооны асуудлыг дурдаж болно. Тиймээс сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудаас Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой, ард түмний төлөөлөх чадамжийг хангасан тогтолцоог сонгон хэрэглэх нь парламентын төлөвшил, төгөлдөршил, намуудын төлөвшил, ардчилсан засаглалын ирээдүй, Монгол Улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож, шийдэл гаргах цаг болсон. Маргаан дагуулдаг өөр нэг асуудал бол парламентын гишүүдийн тооны тухай яриа юм. Үндсэн хуулийг баталж байх 1992 онд манай улс 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая иргэнтэй болсон байна. Гучин жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байж. Одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр төлөөлийн чадамж суларсан байна. Тиймээс сайжруулах, эргэж харах цаг болсон гэдгийг Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр улс төрийн намуудын саяханы зөвлөгөөнөөр улс төрийн намууд санал нэгтэйгээр гаргасныг энд онцлон тэмдэглэж байна” гэж хэллээ.
УИХ-ын даргын онцлон хэлсэн энэ үгийг хэрэгжүүлэхийн тулд гарцаагүй Үндсэн хуулиа дахин хөндөнө. Харин спикерийн хэлсэн үгэн дунд илээр дуудагдаагүй ч, далдаар сонсогдож буй нэг зүйл бол гишүүн сайд нарын тоог нэмэх асуудал юм. Энэ өдрүүдэд “Давхар дээл” тойрсон улс төр Ардын нам дотор өрнөж буй. Тиймээс хаврын чуулганы хугацаанд багтааж Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг шуурхайлна шүү гэдгийг ноён спикер ерөнхийдөө зарлалаа гэж ойлгоход болно. Эрх баригчид гол асуудлаа сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх хэмээн тайлбарлах боловч жинхэнэ зорилго нь “давхар дээл”-ийг шийдэх, Ерөнхийлөгчийг парламентээс сонгодог байх зэрэгт хандах болно.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг Ардын намынхан удирдлагууд дээр, доргүй нэгдсэн тохиролцоонд хүрсэн гэдгийг илтгэж байгаа бололтой.
Л.Баяр