УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас "Улаанбаатар төмөр зам ХНН"-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Шалгалтаар нэр бүхий 15 хүнийг Алтанширээ дэх Газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц 27 км төмөр замын ажлыг гүйцэтгэхэд сайн ажилласан гэж 790.000.000 төгрөгөөр шагнасан зөрчил илэрсэн талаар бид мэдээлсэн. Мэдээллийг энд дарж уншина уу.
Тэгвэл уг асуудлаар УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Д.Болд тодрууллаа.
-УБТЗ-ын нэр бүхий 15 дарга өөрсдийгөө 790 сая төгрөгөөр шагнасан зөрчил илэрсэн байна. Уг асуудалд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Нэр бүхий хүмүүс тодорхой дүрэм журмыг зөрчиж шагнуулсан асуудал гарсан. УБТЗ-ын дарга Х.Хэрлэн уг асуудлыг хууль бус хэмээгээд буцаад төлүүлэх шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу манай алба уг асуудалд акт тавиад төлүүлэх ажиллагаа хийж байгаа. Зарим хүмүүс нь буцаад төлөөд эхэлсэн. Цаашдаа бүгдээр нь төлүүлнэ.
-Шагнуулсан дарга нар өөрсдөө ямар тайлбар өгч байгаа вэ?
-Энэ бол хууль зөрчсөн үйлдэл тул ямар нэгэн асуудал гаргахгүйгээр буцаад төлнө.
-Буцаан төлүүлэх явц хэр байгаа вэ?
-Шагнал авсан бүх хүмүүст акт тавьсан. Гадаад иргэд нь буцаан төлсөн. Ер нь 35 хувьтай явагдаж байна.
-Дарга нар өөрсдийгөө шагнах нь хууль бусаас гадна ёсзүйгүй байна гэж иргэд шүүмжилж байна. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?
-Ер нь манайх ААН-үүдээ жил бүр тойрч шалгадаг. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед шагнал урамшууллыг бага болгох, хэмнэлттэй горимд шилжиж байгаа учир энэ талын хяналт шалгалтыг нэлээн сайжруулж байгаа.