Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгснийхөө дараахан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд спорт, олимпизмын чиглэлээр зөвлөх болсон Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга Ардчилсан намын шинэ даргын сунгаанд нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлж, бүртгүүлсэн. Экс Ерөнхийлөгчийн эл шийдвэрийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин тэргүүтэй АН-ын зарим гишүүд дэмжихгүй гэдгээ ч илэрхийлээд байна. Үүнээс үзэхэд хоёр байтугай гурван ч "толгойтой" болоод байсан Ардчилсан намын талцал маргаан аль талдаа шийдвэрлэгдэх нь бүр ч "адармаатай" болчихлоо. АН-ын дарга асан С.Эрдэнэ Х.Баттулгыг тамга, тэмдэггүй байж өөрсдийгөө Ардчилсан нам гэх нэртэй хэсэг нөхдийн зохион байгуулах сунгаанд оролцож буй "муур багш" хэмээн цоллоод амжсан.
Ямартай ч УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл талынхны АН-ын шинэ даргын сунгаа болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ хугацаанд өрнөх ёстой хэд хэдэн процессийн нэг нь нэр дэвшигч Х.Баттулга өрсөлдөгч намын даргын зөвлөхийн албан тушаалаа хүлээлгэн өгөх явдал. Аль ч талаас нь харсан МАН-ын даргын зөвлөх өрсөлдөгч Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэдэг үл бүтэх асуудал. Х.Баттулга намын даргын сунгаанд ялалт байгуулсан ч начир дээрээ улс төрийн хүрээнийхэн болоод намын гишүүд нь ч хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой. Иймээс экс Ерөнхийлөгч зөвлөхийн албан тушаалаа өгч таарна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тэрбээр ойрын хугацаанд Ерөнхий сайдын спорт, олимпизмын зөвлөхийн албан тушаалаа хүлээлгэн өгөх юм байна.