Монголд эрх тэгш, шударга байдал гэдэг үгийн утга алдагдаад удаж байна. Сүүлдээ төр нь татвараа бүтэн төлөөд гар дээрээ чүү ай хэдэн “цаас” авч буй татвар төлөгчдөдөө “Чи их цалин авдаг бол татвараа ч өндөр төл” гэх шаардлага тавих гээд байх шиг. УИХ-ын дарга Г.Занданшатар “Их орлоготой иргэдээс ахиу татвар авч байж сангуудын алдагдал буурч, амжиргааны түвшин доогуур иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж чадна” хэмээн төв телевизээр ярьсан нь иргэдийн бухимдлыг төрүүлээд амжлаа.
Яаж ч бодсон хэсэг нь татварын мөнгийг "хусч", үлдсэн нь татвараас зугтаж байхад бусдаас илүү хөдөлмөрлөж, зүтгэж байж арай илүү олж байгаа ЦӨӨНХ хэсэг нь өндөр татвар төлдөг байж таарах уу.
Өнгөрөгч хоёрдугаар сард төсөвт тодотгол хийж, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгож, үүнээс дээш тэтгэвэртэй бол 15 хувиар нэмэгдүүлсэн. Зарим эдийн засагчид Г.Занданшатар даргын яриад буй татварын хэмжээг нэмэгдүүлэх бодлогыг тэтгэврийн сангийн алдагдал огцом өссөнөөс алдагдлаа нөхөх хөрөнгийг татвар төлөгчдийн халааснаас авахаар зэхэж байгаа үйлдэл хэмээн харж буйгаа ч илэрхийлсэн.
Татвар төлж болно. Татвар төлөгчид төлсөөр ч ирсэн. Цаашдаа төлсөөр ч байх болно. Гэхдээ өмнө хэлсэнчлэн өндөр орлогоос авах татварыг нэмэгдүүлэх нь хэр шударга вэ. Өнөөдрийн нөхцөлд татвар гэх ойлголтын гадна үлдэж, татвар төлдөггүй ч төрийн үйлчилгээ, нийгмийн халамжийг бусдын адил хүртдэг хүмүүс их байна. Тухайлбал, худалдаа эрхлэгчид, такси үйлчилгээ эрхлэгчид бас нэмээд хэлэхэд зарим урлаг соёлынхон ч үүнд хамаатна. Товчхондоо, Монголд төлдөгөөсөө төлдөггүй нь их. Татвараа нэмнэ гэж ярьж байгаа бол ярихаасаа урьтаад тэгш бус байдлаа арилгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, татвар огт төлдөггүй хэсгээ татвар төлдөг болго. Ийм нөхцөлд асуудалд арай өөрөөр хандаж болно. Үнэн хэрэгтээ 30, 40 жил татвараа үнэнчээр төлчихөөд насны эцэст түүнийгээ хүртэж чадахгүй байгаа хүмүүс их бий. Үүнийг ч олон нийт асуудал болгон хөнддөг. Гэтэл нийгмийн халамж авах болоход орлогоосоо татвар ч төлж мэдэхгүй хүмүүс татвар төлөгчдийн мөнгийг “саадаг”. Хэрэв эдгээр хүмүүсээ татвар төлдөг болгочихвол түүнийг дагасан эерэг нөлөөллүүд ч бий болж эхэлнэ.
Төрийн данстай хөрөнгийг шамшигдуулсан, хохироосон хэргүүдийн хохирлыг эцэстээ хэдэн улс төрчид нь бус татвар төлөгчид нь барагдуулдаг бохир технологи газар аваад удсан. Одоо бүр мэргэших нь. “Капитал”-ын дампуурлаар төрийн данстай 340 тэрбум төгрөг салхинд хийсгэж орхиход “хожлыг” Б.Ундармаа, хохийг нь татвар төлөгчид одоо хүртэл амсаж яваа. Хамгийн ойрын жишээ бол Хөгжлийн банкны нэг их наядын чанаргүй зээлийн асуудал. Үүнээс харахад ЖДҮХС ч нь бай, Хөгжлийн банкны зээлд ч улс төрчид өөрийн нөлөө бүхий байдлаа ашиглан хоорондоо төсвийн мөнгийг “хуваадаг”, авснаа ч төлдөггүй байдал харагдаж байна. Харин төлөөгүй зээлүүдийг нь эргээгээд татвар төлөгчид бүрдүүлж байх жишээтэй. Ний нуугүй хэлэхэд, татвар төлөгчид хэдэн улс төрчдийн ууж идсэн зээлийг төлөх басхүү сангуудын алдагдлыг нөхөх гэж улсдаа татвар төлдөг хэрэг үү. Хэрэв үнэхээр өндөр орлоготой иргэдээс ахиу татвар авдаг тогтолцоог нутагшуулах гэж байгаа юм бол нийгэм дэх татвар төлөлтийн тэгш бус байдлыг шударга, басхүү ЭРҮҮЛ болгох хэрэгтэй.