Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Намаа нэгтгэх“ уриагаар лоозогнож, Ц.Элбэгдоржийн талын улс төр ИДЭВХЖИВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 25 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ц.Элбэгдоржийн талынхны улс төр сүүлийн өдрүүдэд илтэд идэвхжиж эхэллээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Ардчилсан намын ээлжит бус их хурлыг С.Эрдэнэ тэргүүтэй нөхдүүд зохион байгуулав. Хуралд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан М.Энхсайхан болон Да.Ганболд тэргүүтэй АН-ын хууччуул оролцлоо.

Мэдээж хурлын гол мессеж нь “Намаа нэгтгэх”. Шүүхээр таслуулж “аавынд” суугаа Улсын баатар Э.Бат-Үүл ачигдахдаа энэ үгийг хэлж, нэг хэсэгтээ л АН-ынхны голыг нь гогдсон. Арцалдаж явсан талууд хүртэл энэ үгний араас нэгдэх их үйлсийг өдүүлж, Төрийн ордонд хүртэл уулзацгаасан удаатай. Энэ бол АН-ынхан яг үнэндээ хэрүүл маргаанаас залхаж, нэгдсэн хүчтэй намаа дотроо хэдийнээ хүсэмжлээд эхэлсний баталгаа юм. Гэвч УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “тоглолтод” орж, бүлгийн өргөтгөсөн хурал нь бөөн хэрүүл болоод тарсан юм. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр болсон хурлын үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Би Э.Бат-Үүлтэй очиж уулзахад "намаа нэгтгээрэй" гэдэг үгээ хэлээд сууж байна лээ” хэмээн хэлж, “Намаа нэгтгэх” гэдэг агуулгыг дахин олны анхаарлын төвд оруулав. Ц.Элбэгдоржийн үгний араас АН-ын зарим нь “Намаа нэгтгэх нь зөв” гэж дэмжиж, нөгөө хэсэг нь “Бат-Үүл нэгтгээрэй гэсэн гээд Элбэгдорж нэгтгэх юм гэнэ” гэж ихэд ундуйцаж харагдав.

Ер нь сүүлийн өдрүүдэд Ц.Элбэгдоржийн талынхан тун идэвхтэй хөдөлж байгаа. Цагаан сар дөнгөж өнгөрсөн даруйд Х.Баттулгын хувьд “сүүлчийн цайз” болоод байгаа МоАХ-нд нь “халдсан”. Одоо тун удахгүй ардчилсан намын идэвхтэн дэмжигчдийн гол цөмийг бүрдүүлэгч МоАХ хоёр салж, тамга тэмдгээ булаацалдаж эхэлнэ. Энэ нь Х.Баттулгыг АН-ын хамгийн их хүнтэй, хамгийн их өмч хөрөнгөтэй фракцыг аваад талийхаас сэргийлсэн үйлдэл юм. Учир нь Х.Баттулга АН-аа авах гэж оролдоод бүтэхгүй бол МоАХ-гоо нам болгох төлөвлөгөөг боловсруулсан талаар АН-ынхан дундаа ярилцах болсон.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ийнхүү улс төрийн “амьдрал”-аа идэвхжүүлж байгаа нь цаанаа давхар ямар нэгэн зорилготой байгаа нь гарцаагүй болов уу. Магадгүй тун удахгүй АН-д үүсч, эрчимжих намаа нэгтгэх хөдөлгөөнтэй түүний энэ идэвхтэй улс төр холбогдох байх. Намын асуудлыг нэг тийш нь шийдэж чадахгүй энэ хэвээрээ удвал дараагийн сонгуульд амжилт олохгүй гэж АН-ын ихэнх гишүүд үзээд эхэлсэн. Тиймээс АН дотор хоёр талыг ойлголцуулах ажлын хэсэг гэгчийг өнгөрсөн хугацаанд намын асуудлаар дундын байр суурь илэрхийлж явсан нөхдүүдээр төлөөлүүлэн байгуулах тухай яриаг гаргаад буй. Магадгүй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн улс төр явж, явж энэ ажлын хэсэгтэй очиж холбогдох буй за.

С.Баяр

Эдийн засагч Б.Лакшми: Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хувийг бууруулах, бүр үгүй хийх шаардлагатай
Эдийн засагч Б.Лакшми: Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хувийг бууруулах, бүр үгүй хийх шаардлагатай
 
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.