Манай нийгмийг нэг үгээр тодорхойлбол салхи. Аль хүчтэй тал руугаа салхилна. Гэвч хүчтэй салхилах зүгт үнэн аль эсвэл худал хуурмаг зүйл ч оршин байхыг бид үгүйсэхгүй. Энэ байдал олон нийтийн цахим сүлжээн дэх хандлагаас тун ч илэрхий. Нэг асуудал дэгдэхэд өөрийн бус бусдын үгээр хошуурдаг.
Бусдын дээрээс кофе асгасан охины асуудлаар нийгэм хоёр өдөр шахуу “амьсгаллаа”. Үүнээс өмнө бид эл үйлдлийг гаргасан охиныг бус цагдаагийн алба хаагчийг аманд багтаж болох бүх л муу, муухайгаараа хэлчихсэн. Мэдээж цагдаагийн алба хаагчийн гаргасан ёс зүйн алдааг энд зөвтгөхгүй. Гэхдээ маргаашаас нь эхлээд бичлэг хийсэн охин өөрөө бусдад ямар буруу үйлдэл гаргасан болохыг нүдээр үзсэн. Өчигдөр цагдаагийн алба хаагчийг зүхэж суусан нэгэн өнөөдөр гарч ирээд “кофе” охиныг буруутган суух жишээтэй. Тэгсэн хэр бусдыг хохироосондоо гэмших ч үгүй байгаа нэгнийг шийтгэ, арга хэмжээ ав гэж нийгмээрээ шахуу давалгаалж, давчдав. Яг үүнийхээ араас залгуулаад залуу хүн алдаж, онолоо гэх хандлагаар өмгөөлөөд эхэлнэ. Чухамдаа Г.Батбаяр гэх өмгөөлөгчийн охин алдаа гаргасан учраас шүүмжлээд байгаа хэрэг биш л дээ. Айлын охиныг яллах гээд байгаа асуудал ч биш. Мөн чанартаа алдаа хийчихээд хүлээн зөвшөөрөх нь бүү хэл гэмшиж мэддэггүй, ухамсарладаггүй буруу хандлага залууст бүү тогтоосой гэсэндээ асуудал газар авсан гэдгийг ойлгочих хэрэгтэй.
Бусдын дээр кофе асгасан оюутнаа МУИС-ийн оюутны эгнээнээс хасах саналаа хүргүүлж байгаа талаар сургуулийн удирдлагууд мэдэгдсэн. Гэвч олон нийтийн зүгээс гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад яагаад ийм шийдвэр гаргасан талаар бас л талцал бий болгов. Харин үүнийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, академич С.Нарангэрэл маш энгийнээр тайлбарлачихсан. Ингэхдээ “Хүмүүний харилцааны наад захын хэм хэмжээг ноцтой бөгөөд бүдүүлгээр зөрчсөн. Ийм асуудалд холбогдож байгаа оюутанд монголын иргэдийг өмгөөл, хамгаал, шүү гээд гаргах итгэл найдвар алдагдсан. Шүүх эцэслэн шийдэхээс нааш хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн заалт энэ асуудалд хамаарахгүй. Энэ нь хүмүүний ёс суртахууны тухай, тэр тусмаа ирээдүйд хуульч болох хүний асуудал яригдаж байна" гэсэн юм. Бид хариуцлагатай, төлөвшсөн иргэнийг бий болгохоор зорьдог. Эцсийн эцэст энэ мэт асуудалд дорвитойхон арга хэмжээ авч бусдад сургамж болгосноор ХАРИУЦЛАГА гэдэг үгийг бүтэн хэлж чадахаар болно.
Эл шийдвэрийн дараахан МӨХ-өөс өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөх эрхийг өнгөрсөн онд хүчингүй болгосон талаар мэдэгдсэн. Үүнийг олон нийт өөр өөрөөр хүлээн авч байгаа. Гэхдээ дэлхийн өндөр хөгжилтэй орнууд тухайлбал Япон улсад хүүхэд нь ноцтой асуудал гаргавал эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлж чадаагүйдээ уучлал гуйж ажлаасаа халагдах хүсэлтээ бичдэг. Учир нь Япончууд хүүхдүүдээ багаас нь мэнд мэдэх, уучлалт гуйх, талархах энэ гурван зүйлд л сургах гэж хичээдэг. Хүмүүжүүлж чадаагүй бол эцэг, эх ч хариуцлага хүлээдэг гэсэн үг. Харин манай нийгэмд энэ жишиг бүрэн утгаараа хэрэгтэй байгаа юм. Магадгүй биеийг нь төрүүлснээс ухааныг нь төрүүлээгүй гэж хэлэх хүмүүс гарах байх. Гэхдээ ухаан суухад хүртэл эцэг, эхчүүдийн нөлөө их.
Дутагдаж гачигдах зүйлгүй өссөн хэмээн тодотгодог дүгнэлт эцэстээ бидэнд л үлдэх дүгнэлт. Ажиллаж олсон хэдэн төгрөг, өдөр шөнөгүй зүтгэсэн хичээл зүтгэлээ хүүхдийнхээ төлөө гэдэг үгээр халхавчлах эцэг, эхчүүд их болсон. Энэ нөхцөлд алдаа гаргасан хүүхдийг бус ийм хандлага гаргах хүртэл нь анхаарахгүй явсан эцэг, эхчүүдэд маш их учир бий. Хүн бүрийн сэтгэл зүйн онцлог харилцан адилгүй. Гэвч хүүхдүүдийнхээ сэтгэл санаа, бие физиологийн асуудлыг анхаарахгүй орхигдуулснаас өнөөдрийн нийгмийг шуугиулаад буй үйл явдал үүссэнийг үгүйсгэхгүй. Хүүхдэдээ зориулсан хайр, ярилцаж суух хэдхэн хором, анхаарлаа хандуулж буйгаа илэрхийлэхүйц багахан халамж ч эцэстээ тэдний хүмүүжил сэтгэхүйд нь чухал нөлөөлөгч хүчин зүйл болно. Иймд хүүхдээ зөв хандлагатай байлгая гэвэл эцэг, эхчүүд үүнийг үг, үйлдлээрээ үлгэрлэх шаардлагатай.
Ц.Янжиндулам