Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Ану-Үжин: Буруу рультай машиныг хязгаарласнаар түгжрэл буурахгүй ч ОСОЛ буурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 45 секунд

Хотын дарга Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах гэж буй талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулахдаа "Буруу рультай машиныг хориглох эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Нийслэлийн зүгээс Хотын дарга санал оруулна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, шаардлагатай бол УИХ руу орно. Ганцхан буруу рультэй машин хориглоод түгжрэл буурахгүй. Цогцоор нь шийдэх асуудал. Түгжрэл яриад шууд түгжрэл буурахгүй. Хүрээлэн байгаа орчны асуудал байна. Манай хот стандартгүй явуулж ирсэн. Хот шийдвэрээ НИТХ-ын чуулганаар гаргана. Хүний өмчтэй холбоотой асуудал учир хугацаа өгнө" гэж хэлсэн билээ.

Тэгвэл түгжрэл бууруулахад дээр дурдсан шийдлүүд хэр үнэн бодитой, судалгаа шинжилгээ нь ямар үр дүнд хүргэх талаар Монголын барилгын инженерүүдийн холбооны дотоод үйл ажиллагаа, хөгжлийн бодлого институт хариуцсан захирал Л.Ану-Үжинтэй уулзаж ярилцлаа.

-Буруу рультай машиныг хориглох саналыг Хотын дарга УИХ-д оруулна гэдгээ хэлсэн. Энэ саналыг та яаж харж байна?

-Нэгдүгээрт ямар ч улсад баруун юм уу, зүүн гар талаа дагаж явах дүрэм байгаа шүү дээ. Монгол Улс шиг баруун гарын дүрмээ баримталж явах зам төлөвлөлттэй байж буруу рультай машин явуулдаг газар байхгүй. Буруу рультэй машин явж байвал зүүн гар талын дүрмээ баримтлах замын зохион байгуулалт орох байсан.

Гол нь тооцоо судалгаа хийснээрээ зөвхөн түгжрэл буурна гээд байгаа юм биш. Эхлээд осол буурна. Хоёрдугаарт, манайханд зүүн тийш эргэхэд асуудал үүсэж, түгжрэл үүсдэг. Эдгээрийг тодорхой хэмжээнд бууруулна. Баруун эргэдэг дүрэм журамтай болохоор хүмүүсийн тархи дагаад хөгжчихсөн учраас баруун гар тийшээ эргэхдээ илүү хурдан байдаг. Хаа хамаагүй импортоор дүрмийн эсрэг машинууд оруулж ирсэн нь алдаатай. Гэвч хэзээ нэгэн цагт жигдрүүлэх ёстой байсан зүйл. Өмнө явж байсан буруу рультэй машинаа хааж боохоос илүү одоо импортоор орж ирж байгаа машинаа зогсоох нь зүйтэй.

-Буруу рультай машиныг оруулж ирэхээ боливол түгжрэл хэдэн хувиар буурна гэж харж байгаа вэ. Таныг судалгаа хийдэг учир мэдээлэл байгаа болов уу гэж бодож байна?

-Яг буруу рультэй машинаас болж түгжрэл үүсээд байна гэсэн зүйл байхгүй. Өнгөрсөн жил намайг нийслэлд ажиллаж байхад энэ талаар хэлэлцүүлэг хийгдэж буруу талдаа рультэй машины импортод хориг тавья гэдэг зүйл яригдаж байсан. Гэхдээ шууд утгаараа энэ машинуудаа хотоос гаргая гэсэн зүйл байхгүй. Логикоороо бол өөр олон шалтгаан нөхцөл байгаа.

Харин бодлогын хэмжээнд импортыг бууруулах нь хаана ч явагддаг зүйл.

Жишээ нь, Бээжингийн зам тээврийн тухай бодлогыг харвал Бээжин хот дөрвөн жилээс дээш амьдарсан, орон сууцтай, зогсоолтой иргэн машин авахаар болбол хотын дугаарынхаа жагсаалтад орж байж машинтай болдог. Тухайн хотод хэдэн зуун мянган машин байна гэж тооцсон бол тоогоо хэзээ ч дээшлүүлдэггүй. Ямар нэг машин зарагдах актлагдах үед орон тоо үүсэж өөр нэг нь машин авдаг. 800 мянган машин байна гээд л тоогоо яг барьчихдаг гэсэн үг.

Буруу рультэй машин манай улсын хэрэглээнд хамгийн их байна. Нэгдүгээрт, авто замынхаа ослыг бууруулъя гэдэг бодлого нь чухал. Автозам дээр гардаг ослын дийлэнхийг жолоочтой холбож тайлбарладаг. Харин олон улсад буруу рультэй машины нөлөө их байдаг. Харагдах орчин хязгаарлагдмал, Самбаачлах хурд дутсан гэх мэт олон тохиолдол осол гарч байна.

"Улаанбаатар хотод бүртгэгдсэн 615 мянга, хөдөлгөөнд оролцож байгаа 400 гаруй мянган автомашин байна"

-Тоог нь цөөрүүлнэ л гэх юм. Импортоор орж ирж байгаа буруу рультэй машинаас гадна одоо ч өч төчнөөн машин байна. Дээрээс нь зөв рультэй нь орж ирээд нэмэгдээд л байна биз дээ?

-Манай Улаанбаатар хот 1135 км авто замын сүлжээтэй. Тэгэхээр 1135 км авто замын сүлжээний хоорондоо холбогддог нэвтрэлийн чанар сайн байх ёстой. Үнийг нэмэгдүүлэх бодлого авч хэрэгжүүлдэг. Хоёрдугаарт “VCR” буюу авто замын сүлжээний даацын харьцаа гэсэн утга байгаа юм.

Авто замынхаа урт дээр, автомашины тоог харьцуулсан VCR утга гэж байгаа. Манайх VCR утгаараа дээгүүр ордог. Түгжрэлтэй байхаас өөр аргагүй харьцуулалт гэсэн үг. Авто замынхаа талбайгаар ч гэсэн хоёр жилийн өмнө 1,7 гэсэн тоо гарч ирсэн. VCR утгыг хэрхэн буулгадаг вэ гэхээр нэг бол авто замынхаа сүлжээг нэмэгдүүлэх түүндээ таарсан автомашины тоотой байх ёстой. Гэтэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн 615 мянга, хөдөлгөөнд оролцож байгаа 400 гаруй мянган автомашин байна.

Одоо байгаа авто замд 300 мянган автомашин явуулахад дундаж хурд 20км цаг байхаар, 250 мянган машин явахад 25-30км цагийн хурдтай байх юм байна гэсэн симуляци хийсэн үр дүн нь байна.

-Өмнө ороод ирсэн буруу рультэй машинууддаа ямар зохицуулалт хийхээр харагдаж байна?

-Өмнө нь байсан автомашинууд дээр арга хэмжээ авахгүй. Хуулиараа бол хүний хувийн өмчид халдах боломжгүй. Анхнаасаа хуулийн дагуу орж ирсэн болохоор нэхэж арга хэмжээ авахгүй нь ойлгомжтой. Харин нэмэгдүүлэхгүй байх бодлого баримталж буй нь зөв.

-Ярилцсанд баярлалаа.

ОХУ-ын 498 цэрэг амиа алджээ
ОХУ-ын 498 цэрэг амиа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.