Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭРҮҮЛТЭЙ Монгол бөхийг ХҮН үзэхээ болих нь

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 45 секунд

Үндэсний бөхийн маргаан, хэрүүл тэмцэл бүр утгаа алдлаа. Талбай дээр гараад барилдахаараа маргалдаад даваа унаагаа хүлээн зөвшөөрөхгүй. Барилдаад түрүүлсэн нөхрөөс нь допинг илэрч би, чи дээрээ тулж шүүх, цагдаа хүртлээ маргалдана. Гучин жил шахуу холбооныхоо сандал суудалд аваргууд нь шунаг сэтгэлээр хандаж маргаж, хэрэлдэж бөхчүүдээ талцуулсан. Азаар сүүлийн нэг хоёр жилд холбооны гэх том хэрүүл нь чимээгүй болохтой зэрэгцэж допингийн гэх хэрүүл бөхийн өргөөнөөс салахаа болилоо. Уг нь цагийн сайханд хөгшин залуугүй, эр эмгүй суудлаасаа өндөлзөн байж үздэг шимтэйхэн сайхан барилдаан үгүй болов. Бараг хамгийн сүүлд Бөхийн өргөө дүүрэг үзэгчидтэй байсныг ч санахааргүй хэмжээнд унтарч явна. Амралтын өдрүүддээ уг нь бөх үздэг байсан бол сүүлийн хэдэн сар бөх биш бөхчүүдийн хэрүүлийг үздэг болчихлоо.

Өчигдрийн барилдаанд допингийн шинжилгээ нь эерэг гарсан Даян аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдэгва нарыг барилдах гэж байгааг бөхчүүд бас л эсэргүүцэв. Уг нь энэ төрлийн асуудалд холбогдсон нь тогтоогдсон бөхчүүдийг хоёр жил барилдах эрхийг нь хасдаг. Гэтэл энэ хүмүүсийн эрхийг хасахдаа ердөө 11 сарын хугацаатай хассан байдаг. Хамаг маргаан үүнээс л үүдэлтэй.

Одоо уг маргаан бүр хэрээс хэтэрч байна. Харцага цолны хүндэтгэлийн барилдаан энэ маргаанаас болж цуцлагдсан. Цагаан сарын барилдаанд хэрвээ Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын бүртгэсэн бас л ийм маргаан үүсэх байв. Тэгвэл бөхийн холбооны тэргүүний хэлсэн ёсоор өчигдрийн начин цолны барилдаанд аварга арслан хоёр зодоглосон нь бас л хэсэг бөхчүүдийг барилдуулахгүй өнжин шалтгаан болов. Харцага О.Хангай барилдсангүй. Завхан аймгийн Даян дэвжээний бөхчүүд эсэргүүцэл илэрхийлж бүгд барилдсангүй.

Маргааны гол сэдэв бол допингийн асуудал буюу ижил тэгш биш шийтгэл. Бүр сүүлдээ энэ асуудал нь нутгархаг үзэлтэйгээ нийлээд ёстой л нөгөө "вируснийн мутант" хувилбар гэдэг шиг болж орхив.

МҮБХ-ны Ерөнхийлөгч Ц.Магалжав өнгөрсөн битүүний өдөр “Улаан бал” нэвтрүүлэгт оролцохдоо "Дараа дараагийн барилдаанд Н.Батсуурь аварга барилдаад явна. Хэрвээ дахин барилдуулахгүй гэж барилдаанд саад учруулбал тэдгээр хүмүүсийг хасаад явахаас өөр аргагүй. Улс аймгийн цолтой 260 гаруй, сумын цолтой 500, цэргийн цолтой 7400 орчим бөх бий. Тэдгээрээс нөхөж барилдуулаад хасаад явахаас өөр аргагүй" хэмээсэн билээ. Энэ бол бөхийн холбооны байр суурь.

Иймээс бөхчүүд болон, бөхийн холбоо нэгдсэн нэг байр суурьтай байж үзэгч түмэндээ хүндэтгэлтэй хандахгүй бол Монгол бөхийн өргөө эл хуль болж үзэгчдээ алдах энүүхэнд иржээ.

Нарийндаа холбооныхоо шийдвэрийг бөхчүүд нь дагаж мөрдөх, допингийн асуудлаа бүрэн шийдвэрлэх хэрэгтэй. Ер нь Допингийн асуудалд Үндэсний бөхийн холбоо хамгийн том буруутан нь мөн үү гэвэл мөн. Бөхийн спорт мэргэжлийн түвшинд бараг очих хүртлээ хөгжиж байсан өнгөрсөн арванд тамга тэмдгээ булаалцалдаж явахын оронд энэ мэт үндсэн асуудлуудаа шийдвэрлэж байх байв. Гэвч тэд тэгсэнгүй. Нөгөө талаас допингийн эсрэг тэмцэж байгаа бөхчүүдийг дан ганц хууль дүрэм бариад буруутгах нь бас өрөөсгөл. Үнэхээр л шударга бус, тэгш бус шийдвэрийг Я.Содбаатар даргатай тухай үеийн байр наадам зохион байгуулах комисс гаргачихсан.

Одоо бөхийн холбоо нь энэ комисс руу хамаг буруугаа чихчихээд өөрсдийгөө цэвэрлээд байгаа. Гэвч ингэж өөрсдийгөө хамгаалах бус. Бөхчүүдээ нутаг нуга, найз нөхдөөр нь талцуулахын оронд дорвитой шийдэл гаргаад явах хэрэгтэй. Нэгэнт хууль, дүрмээ дагахаас өөр гарцгүй болсон бол шударга ёс нэхээд буй бөхчүүдтэй уулзаж асуудлыг шийд. Цаашдаа дахиж ийм асуудал гаргахгүй байхын тооцоол холбогдох хууль дүрэмд өөрчлөлөө албан ёоор оруулах хэрэгтэй.

Ингэж явсаар байтал үндэсний өв соёл, оюун санааны их дархлааг тээж явдаг үндэсний бөх чинь та бүгдийн үед үнэгүйдэн, доройтох дээрээ ирчихлээ. МҮБХ ингэж шийдвэл гаргаж чадахгүй бол энэ жилийн улсын наадмын бөхийн барилдаан хүртэл хэрүүл маргаан, талцал хуваагдлаа дүүрэх маягтай болоод ирлээ. Үүнээс гадна үнэнч хөгжөөн дэмжигчид, бөх сонирхогч залуусын чинь хүрээлэл улам бүр багасаад байна. Тэд бөөн хэрүүл уруултай бөхөөс залхсандаа сагсан бөмбөг, хөлбөмбөг үзэж, хөгжөөн дэмжих нь илүү нэмэгджээ. Тиймээс залуучуудыг бөхөд хайртай, үзэх дуртай болгоход анхаарахгүй бол бөх барилддаг, бөх үздэг хүмүүс та бүхнээр хүрээлэл нь хумигдах вий дээ.

С.Сувдансондор

Н.Батсуурийг барилдвал Ш.Пүрэвгарьд  тэргүүтэй “Даян” дэвжээний бөхчүүд барилдахгүй гэдгээ мэдэгдлээ
Н.Батсуурийг барилдвал Ш.Пүрэвгарьд тэргүүтэй “Даян” дэвжээний бөхчүүд барилдахгүй гэдгээ мэдэгдлээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.