Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахмадын тэтгэврээр халхавчилж дуураар дургилтаа нэг жилээр сунгалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 7 секунд

Ерөнхийлөгчийн санаачилгаар ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх даалгаврыг Засгийн газар тун богино хугацаанд боловсруулан УИХ-аар батлуулав. Гуя дагуулж хүзүү хийхээ мэдээж улс төрийнхэн сайн мэдэж байгаа. Хүн бүр баярын ширээний идээ шүүс, боов боорцогтоо хамаг анхаарлаа хандуулсан энэ үеэр тэтгэврийг нэмэхээр улсын төсөвт тодотгол хийх үеэрээ ковидын хуулийг сэмээрхэн шахаж энэ оныг дуустал мөрдүүлэхээр хугацааг нь сунгав. Дэлхий даяар ньюнормал амьдралын хэв маягт орсон. Товчхондоо цар тахалтай тэмцэх биш цар тахлаар далимдуулсан дураараа дургих хуулиа сунгалаа. Цагаан сар, шинэ жил, наадмын өмнөхөн иймэрхүү том шийдвэрийг олны анхаарлаас холуур "хавчуулдаг" нь улс төрчдийн хувьд шинэ тутам арга бус. Иймэрхүү зүйлийг хийхдээ тэд гаршчихсан.

Энэ хуультай холбоотойгоор ямар хүндрэлүүд үүсээд байгаа талаар товч дурвал:

1. Хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрхийг ноцтой зөрчсөөр ирсэн. Иргэд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэн, жагсаал цуглаан хийхэд хүндрэлтэй болсон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зарим нь талбай дээр эсгий, хөнжил, мишокоо барьж ирээд хэд хоногоор суулт хийж байгаад буцдаг, зарим нь гудамжинд "утаа дэндлээ" гэж минут орилсны төлөө цагдаад тайлбар өгдөг болсон. Үүнээс үүдэлтэй nodoublestandard хөдөлгөөн үүсэж, олон хүн үүний эсрэг хүчтэй байр сууриа илэрхийлсээр байгаа ч төдий л амжилт олоогүй л байна.

2. Төрийн албаны хууль гууль болж хуульгүй, сонгон шалгаруулалтгүй хэдэн мянган томилгоо явсан. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараас эхлээд сум, дүүргийн төрийн алба хаагчдыг хүртэл сонгон шалгаруулалтгүйгээр томилж, дарга нарын хүмүүс наана цаагуур гүйлдэж байгаад өндөр албан тушаалд томилогддог болсон. Сонгон шалгаруулалтгүй томилгоотой нэгэн адил, маш их мөнгийг тендергүй зарцуулж байгаа юм.

3. Доод шатанд ресторан зоогийн газар зэргийг цагаар хязгаарлаж, бизнесийг нь хэвийн үргэлжлүүлэхэд дарамт учруулж байна. Эрх баригчид төр хувийн хэвшлээ дэмжинэ гэдэг ч доод шатанд мэргэжлийн хяналтын аль нэг байцаагч захын нэг дэлгүүр, цайны газарт ороод хэдийн үеэ өнгөрөөчихсөн QR-ны асуудлаар торгоод явахад бэлэн. Энэ бүхнээ ковидын хуулиар тайлбарладаг.

Ковидын хуулийг сунгах эсэхийг оны өмнө хэрүүл уруул болон болон зургаан сараар сунгачихаад дахин энэ бүх зүйлсээс залхсан гэмээр чимээгүйхэн дахин зургаан сараар нэмж сунгахдаа ахмадуудын тэтгэврийн араар халхавчлав.

Танилц: Цагаан сарын баяраар өргөн хэрэглэгддэг зарим бүтээгдэхүүний үнийн өсөлт
Танилц: Цагаан сарын баяраар өргөн хэрэглэгддэг зарим бүтээгдэхүүний үнийн өсөлт
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.