Бельгийн нийслэл Брюссель хотод ням гаргийн үдэд олон мянган хүн Европын орнуудад хэрэгжүүлж буй коронавирусний хязгаарлалтуудыг эсэргүүцэн жагссан талаар “CNN” телевизийн түнш “LN24” суваг мэдээлжээ.
Тодруулбал, Бельгийн жагсагчид “Эрх чөлөөний төлөөх европчуудын нэгдэл” тэргүүтэй Европын хэд хэдэн хөдөлгөөнтэй нэгдэж, Европ даяар хэрэгжүүлж буй халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг эсэргүүцэн жагссан байна.
Жагсаалын үеэр хийсэн дүрс бичлэгээс үзэхэд цагдаа нар жагсагчид руу нулимс асгаруулагч хий цацаж байсан бөгөөд “CNN” телевизэд Бельгийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, жагсагчид, цагдаа нарын хооронд олон мөргөлдөөн үүсэж, хэд хэдэн хүнийг баривчилжээ.
Мөн жагсаалд Франц, Герман, Люксембург, Нидерландын иргэд оролцсон талаар “RTL Info” телевиз мэдээлсэн байна. Тодруулбал, Францын жагсагчид даваа гаргаас хэрэгжиж эхлэх вакцины паспортыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан нь гэрэл зургуудаас харагдаж байжээ. Уг журам нь Францын 16-гаас дээш насны иргэн бүрээс олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ вакцины бүрэн тунд хамрагдсанаа нотлохыг шаардах юм.
Брюссельд өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр авсан гэрэл зургуудаас үзэхэд маш олон хүн амны хаалтгүйгээр жагсаж байсан нь жагсаалд оролцохдоо 1.5 метрийн зай барих, гадаа талбайд 100-гаас дээш хүнтэй үйл ажиллагаанд оролцохдоо амны хаалт зүүхийг тусгасан Засгийн газрын удирдамжийг зөрчжээ. “LN24” сувгийн мэдээлснээр, жагсагчид “Brussels Gare du Nord” буудалд цуглаж, Европын хорооллоор “Parc du Cinquantenaire” хүрээлэн хүртэл алхсан байна.