Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын 5 дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30.5 км авто замын байгууламжийн барилгын ажил өнөөдрөөс эхэллээ. Ерөнхий гүйцэтгэгчээр "Чайна жоу инженеринг" компани ажиллаж байгаа ч коронавирусээс шалтгаалан инженер техникийн ажилтан, операторууд нь ирж чадаагүй байна.
Гэсэн хэдий ч Монгол Улсын зам барилгын 4 аж ахуйн нэгж туслан гүйцэтгэх гэрээний дагуу өнөөдрөөс ажлаа эхлүүллээ. Замын ажлыг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч компани түр замын арчлалт хамгаалалтыг сайжруулан зорчих хөдөлгөөнийг бэлэн болгожээ. Цаашид түр замын арчлалт хамгаалалтыг гүйцэтгэгч компани хариуцан ажиллах юм байна.
Өнөөдрөөс эхэлж байгаа энэхүү ажлын хүрээнд далан байгуулах, бетон суурьтай ул хийх, үерийн усыг зайлуулах 30 гаруй бетон хоолой, даланг нягтруулах зэрэг ажлуудыг эхний ээлжид хийх юм. Ингэснээр 2020 оны зургаадугаар сард асфальт хучилтын ажлыг эхлэх боломж бүрдэх ажээ.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ