-Улс төрийн шийдвэрээр хэзээ ч халагдаж мэдэх төрийн албан хаагчид айдастай байна-
Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. У.Хүрэлсүхийн томилсон эдгээр хүмүүсийг ийнхүү чөлөөлсөн нь давхар дээлтэй холбоотой зөрчлөөс үүдэлтэй ч гэх. Давхар дээлээр хүчээ сэлбэх хүсэлтэй Ерөнхий сайд, арай өөр бодолтой байгаа Ерөнхийлөгчид бууж өгөх хүсэлгүй байгаагаа харууллаа гэж улс төрийн хүрээнийхэн тайлбарлаж байна. Эрэг шураг нь хаашаа яаж эвлэж, салж үзэгдэл өндөрлөх нь тусдаа асуудал. Харин энэ бүх дүйвээний хөлд тангараг өргөсөн төрийн албан хаагчийг улс төрийн өнцгөөр хариуцлага тооцдог дур зоргын байдал гарч байгаад анхаарахгүй өнгөрч болохгүй юм.
Одоо мөрдөгдөж буй хуулиар бол төрийн нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны хамгийн дээд албан тушаалтай жинхэнэ албан хаагч. Төрийн албан хаагчийг өөрийнх нь хүсэлтээр, эвсэл өөр албан тушаалд шилжүүлэн томилохоор зөвшилцсөн, хуульд заасан ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн тохиолдолд л чөлөөлөхөөр зохицуулсан байдаг. Харин сайд, дэд сайдыг Ерөнхий сайд шууд эрх мэдлийнхээ хүрээнд халж, солих боломжтой. Сэтгүүлчид болон нийтийн нэг буруу ойлголт яваад байгаа нь сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг нэг баг гэж ойлгоод байгаа явдал. Гэтэл эдгээр албан тушаалтнууд хоёулаа Засгийн газраас томилогддог. Өөрөөр хэлбэл ямар төрийн нарийн бичгийн даргатай ажиллахаа сайд өөрөө сонгогдоггүй гэсэн үг. Сайд салбарын улс төрийн бодлогыг тодорхойлдог бол төрийн нарийн бичгийн дарга өдөр тутмын захиргааны ажлыг удирддаг эрх үүрэг нь зааг ялгаатай албан тушаалтнууд.
Нэг өдөр 18 мянган албан хаагч сонгуулийн дүнгээр халагдаж байсан гашуун сургамж манай төрийн албанд бий. Хуулиар эрх зүйн баталгаа өгч, улс төрийн нөлөөллөөс хамгааахгүй бол төрийн албаны тогтворгүй байдал нь улс орны хөгжилд маш том хор хохирол учруулдаг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Монгол Улс төрийн албаны хуулиа гууль болгоод багагүй хугацаа өнгөрлөө. Ковидын хууль гэж дур зоргийн томилгоо хийдэг хууль хэрэгжиж эхэлснээр төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдалд аюул учруулж эхэлсэн талаар дээр дооргүй ярих болсон.
Төрийн албаны зөвлөлөөс ч хууль бусаар томилогдсон албан тушаалтнуудыг ажлаас халах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Гэтэл Засгийн газар даажигнаж байгаа юм шиг тийм шийдвэр ирсний яг маргааш ковидын хуулиар томилогдсон Б.Болор-Эрдэнийг төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж хариу барив. Цаашлаад төрийн захиргааны албан тушаалтныг улс төрийн албан тушаалтантай хамтагтан авч үздэг шинэ жишиг тогтоолоо.
БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нь Сангийн яам, ЗГХЭГ-т ажиллаж байгаад 2018 онд тус албан тушаалд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр томилогдсон. Гэтэл байж болох бүх хуулийг зөрчөөд ийнхүү ажлаас нь чөлөөлөв.Энэ нь зөвхөн Д.Ганболд гэж хүний асуудал биш одоо ажлаа хийж байгаа бусад төрийн нарийн бичгийн дарга нар, тангараг өргөсөн төрийн бүх албан хаагчдад хамаатай асуудал юм. Энэ шийдвэрээр эрх баригчид улс төр, хуулиас дээгүүр гэж ил тод зарлалаа. Тангараг өргөсөн албан хаагч хуульд биш улс төрчдөд захирагдаж ажиллах ёстой гэж мэдэгдлээ. Хүн биш хууль засаглана гэж амалсан амлалтаасаа яг 180 градус эргэсэн шийдвэр гаргалаа.
Манай сайд дарга нар ер нь л төрийн албан хаагчдаа авилгач, дампуурсан, хүнд сурталтай зэргээр дураараа харааж, иргэд олон нийттэй талцуулдаг болоод удаж байгаа.. Муу хэлээд байгаа төрийн албаа сайд дарга нар маань өөрсдөө манлайлж, үлгэрлэж, болохгүй байгаа зүйлийг засч залруулах үүрэгтэй юмсан уг нь.
Энэ мэт асуудлыг хариуцаж төрийн албыг улс төржилтөөс хамгаалах үүрэгтэй газар нь УИХ-аас томилогддог төрийн албаны зөвлөл. Гэтэл тэд зөвлөлдөхөөс өөр ажилгүй зөвлөл төдий байгууллага, шүдгүй арслан болсон гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн. Батлагдсан хуулиа мөрдүүлэх эцсийн найдвар хууль тогтоогчдод л байна. Гэтэл тэд ч төрийн албыг ийнхүү дур зоргоороо самарч байгааг зүгээр хараад суусаар. Удахгүй та нөхдийн маань ээлж ирж Монгол Улс ямар ч хуульгүй сонгодог утгаараа анархи засаглалтай орон болчих вий.