Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тал нутгийн нацистууд

Ангилал
Бусад
Огноо
Унших
18 минут 52 секунд

Нэг ийм яриа байдаг. Адольф Гитлер Чингис хааныг биширдэг байж. Германчууд Оросыг эзэлсэн бол Монголыг оролдохгүй харин ч тусгаар тогтносон хүчтэй улс болгох байсан. Хас тэмдгийг Гитлер Монголоос авсан...Хэн ингэж анх бүлтэрснийг мэдэхгүй ч үүнд үнэмшээд тал нутгийн хэдэн бор залуус маань нацист өмсгөл зүүлт агсаж сүгсэлзээд удлаа. Анхандаа Хятад, Солонгос гуанз төдийхнөөр эргэлдэж байснаа зиндаа ахисаар уурхай, барилга хавиар “ажил хэргээ” явуулах болсон тэд саяхнаас бүр нам засагтайгаа хамтраад эхэлсэн бололтой. “Зэрэмдэглэнэ шүү, давраад байгаарай, бид цагдаагаа хамгаална” гэх мэтээр жагсаал цуглаан хийсэн бусад хөдөлгөөнүүдээ айлгаад эхэлж.

Манай дарга нар өрөөндөө нууцаар нацист шинель өмсөж, хас тэмдэгт мөргөдөг болчихоогүй байгаа. Сюрприз дүүрэн та хэдийгээ хардсаар байгаад элдэв бусын юм бодох юм. За тэр ч яахав. Хуультай, ардчилсан бараг бүх улсад нацизм, түүний бэлэг тэмдгийг хориглосон байдаг. Үүнийг мэддэггүй юмаа гэхэд юуг тахин шүтэж, хөөрч мөөрөөд байгаагаа манай хэдэн бор нацистууд мэддэг юм болов уу?

Хас тэмдэгээс эхлээд тайлбарлая. А.Гитлер 1925 онд өөрийн “майн кампф” номоо бичүүлж 3-р Рейхийг сэргээн байгуулах болно гэж тунхаглажээ. Түүний үзснээр Ариун ромын эзэнт улсыг 1-р Рейх, Бисмаркын эзэнт улсыг 2-р рейх гэнэ. Гитлер хас тэмдэгийг нэгдүгээр рейхийн уг сурвалжаас олжээ. Энэ нь ариун Ромын байлдан дагууллын бэлэгдэл, загалмайн шашныг дүрсэлсэн тэмдэг юм.

Баримт хөөвөл Хүннү улсын үед хас тэмдэг Монголд нэвтэрч. Ер нь Хүннүчүүд Ромын соёлыг зарим талаар шүтдэг, дагадаг байсан баримтууд бишгүй. Хүннүгийн булшнаас Эртний Грек, Ромын домгийн бурхадын бэлэгдэл агуулсан олдворууд ч олноор олддог. Харин Чингис хаан, Монголын талаар А.Гитлер ямар бодолтой байсан тухай баримт сэлт байхгүй. Нацист антисемит үзлээр бол Герман буюу цэвэр арий хүн дээд төрөлтөн еврей, словянчууд доод төрөлд орно. Лав л албан ёсны баримтаар Герман дорно зүгт Оросыг эзлэхийг эртнээс төлөвлөсөн нь үнэн бөгөөд Монгол Хятадын асуудлыг холбоотон Японд орхисон байх юм билээ.

А.Гитлер өөрөө арий ч биш Австрийн Линц хэмээх жижиг хотод төрсөн. Цус ойртолттой. Дөрөвдүгээр ангиа төгсөөд сургуулиа хаясан. Эзэмшсэн мэргэжил боловсрол байхгүй. Тэнэж өлсөхийн эрхэнд эзэн хааны цэрэгт сайн дураараа татагдсан намтартай. Пан Германы үндсэрхэг үзлээс өөрөөр ертөнцийг таниагүй мань эр Монголын тухай хэдэн бор нацистуудын маань бодсон шиг гэгээлэг бодолтой байсан нь юу л бол.

Нацизм Монгол хоёрыг хамаатуулья гээд түй ч байхгүй л дээ уг нь. Харин ч нацизмын эсрэг дайнд оролцсон нь манай тусгаар тогтнолыг бусад улсууд зөвшөөрөхөд маш том нөлөө үзүүлсэн байдаг. НҮБ-д гишүүнээр элсэхэд Монгол Улс нацизмын эсрэг дайнд орсон гэдэг ганцхан слоген л социалист ертөнцтэй сөргөлдөгч барууны орнуудыг хүлцэнгүй болгосон гэх юм билээ.

Дайныг эс тооцвол А.Гитлер Герман орныг хөл дээр босгосон, сайн удирдагч байсан гэх ойлголт мэр сэр бас байна. Гэтэл үнэндээ нацистууд төрийн эрх мэдлийг авснаар Герман орон бидний төсөөлснөөс огт эсрэг зүгт хөдөлсөн аж.

Түүхийн сайн муу нь тодорхой хүнд наалдан үлддэг боловч тухайн үзэгдэл бүрийн уг сурвалж нь үндэстэн, нийгмийнх нь бүтээл л байдаг. Герман орон нацизимжих хөрс суурь нь түүхэн улбаатай юмсанж.

Бисмаркын байгуулсан 2-р Рейх нь үнэндээ армитай улс биш, улстай арми байлаа. Наполеоныг дарсан Германчууд тасралтгүй дайтаж тэлсээр хорьдугаар зуунтай золгосон. Англи, Францад бүгд найрамдах засаглал тогтож, европ тив сэргэн мандалт, аж үйлдвэржилтээр амьсгалж байхад Герман орон хаант засаглал, хамжлагат ёсноосоо салаагүй байв. Цэргийн хүчээр агуу Рейхийг байгуулах хэт үзэл нь яван явсаар дэлхийн 1-р дайны ялагдлаар дуусчээ.

1919 онд Германы сүүлчийн хаант улс нуран унаж түүний оронд Веймарын бүгд найрамдах улс гарч ирэв. Дайнд ялагдсан гутамшигт явдлыг хүлцэж чадаагүй Германчуудын сэтгэлд дахин сэргэн мандах хөнгөн үзэл дэрвэлзэх нь тэр. Чухам энэ орон зайг А.Гитлер гярхай олж харсан юм.

1920 оны зун Германы национал социалист намыг амьдралд хөлөө олоогүй хэдэн нөхөр байгуулжээ. Согтуу яруу найрагч Экарт, будлиу сантехникч Дрекслер, ахмад дайчин, харгис зандалч, хамаргүй Рем, тааруухан эдийн засагч Федер, эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилгүй Адольф Гитлер. Анхандаа тэд Мюнхэний жижиг уушийн газруудаар явж уулзалт цуглаанаа хийдэг байв. Нийгмийн шавхруу болсон хэдэн галзуу нөхдийн лекцийг тэр бүр олон хүн сонсохгүй нь мэдээж. Харин тэдний хөнгөн ярианд голдуу гэмт хэрэгтнүүд, хөөрүү хөвгүүд л автаж байлаа . Эднийгээ Рем нэгтгэж СА буюу хожмоо СС-ийн үндэс болсон бүлэг байгуулжээ.

СА-гийн залуус хаа сайгүй дээрэм тонуул хийх нь төвөгтэй ч бусад намууд тухайлбал коммунистуудын уулзалтыг тарааж үймүүлэх тул эрх баригчдад зарим талаар ашигтай. Манай нацистууд Хятад, Солонгос гуанз, уурхай хавиар улаан цагаан танхайрах ч хууль хүчнийхэн төдийлөн тоодоггүйтэй адил. Нэг харахад СА нь хууль ёсны цагдаагийн газраас ч олон дээрэмчин, зандалчдыг эгнээндээ нэгтгэсэн хүчирхийллийн үүр уурхай болжээ.

Францын хувьсгалаас 129 жилийн дараа үндсэн хуульт засаглалд шилжсэн Веймарын улс \1919-1933 оны Герман\ үнэндээ эдийн засаг, улс төр, цэрэг армийн ямар ч нэгдмэл шинжгүй байлаа. Гудамжны үймээн, гэмт хэрэг хяналтаа алдаж, улс төрийн хямрал нүүрлэж нэг жилд гурван ч удаа сонгууль явуулж байлаа. Өдөр алгасахгүй гардаг үймээн, еврейчүүдийг үзэн ядсан хөрөнгөтнүүдийн дэмжлэгийн хүчээр нацистууд хүрээгээ тэлсээр 1931 он гэхэд рейхстагт суудалтай нам болов.

Бусад дарангуйлагчдаас ялгаатай нь нацистууд анхнаасаа хувьсгал хийх бодолгүй байлаа. Үндсэн хуулийн аргаар төрийн эрхэнд гарахад ард түмэнд таалагдах зүйлийг л ярих ёстой. Биелэх ба үнэн байх албагүй бөгөөд зорилго нь аргаа зөвтгөнө гэсэн популист тактикаар тэд маш сайн ажиллаж чадсан юм. А.Гитлер өөрийнхөө үзэл бодлоос 100 хувь зөрүүтэй байсан ч хамаагүй ямар ч илтгэлийг хүний зүрхэнд хүргэж чаддаг гайхалтай уран илтгэгч байсан. Зүйрлэбэл манай босоо Ганбаагийн бээст хувилбар гэсэн үг.

Рейхстагийн суудлын дөрөвний нэгийг эзэлж байсан нацистууд чадварлаг хуйвалдаан зохион байгуулж явсаар 1933 онд рейхканцлерийн суудлыг авав. Тэр хүртэл нацистуудыг хүлээн зөвшөөрөхгүй байсан ерөнхийлөгч Гиденбург буулт хийж А.Гитлерийг рейхканцлер болохыг зөвшөөрчээ. Рейхстагийн гишүүдийн олонхийн дэмжлэгийг авахын тулд А.Гитлер бусад намуудтай хуйвалдаж төлөөллийг нь танхимдаа оруулсан. Гэвч тун удалгүй тэд нацистуудтай хуйвалдсаныхаа хариуг аймшигтай хатуу хүртсэн юм.

А.Гитлерийг рейхканцлер болоод удаагүй байтал нацистууд Рейхстагийн ордныг галдан шатааж большекуудыг гүтгэв. Тэднийг төрийн эргэлт гаргах нь гэсэн цуурхал, элдэв нийтлэлээр нийгмийг тэд чигт айдаст автуулж хөгшин Ерөнхийлөгч Гиденбургээр рейхканцлерт бүх эрхийг олгох тогтоолд гарын үсэг зуруулж дөнгөв. Хор хөнөөлөөрөө харьцуулах аргагүй ч ковидын хууль гэж бүх эрх зүйгээс давсан дураар дургилтын баталгааг гартаа оруулсантай төстэй юмаа даа.

Дотоодын жижиг улс төрөөс, улс хоорондын харилцаа хүртэл нэгнээ хууран мэхэлсэн явдал хүний түүхэнд бишгүй. Гэвч А.Гитлерийг гүйцэх хууран мэхлэгч хэдэн зуундаа л гарахгүй болов уу. “Бид үндсэн хуулийн дагуу засаглана” гэж амлаад үндсэн хуулийг нүд аниулсан. Бусад намуудын дэмжлэгээр засгийн эрхийг авмагц бүгдийнх үйл ажиллагааг хориглосон. “Шашин бол Германы ард түмний салшгүй үнэт зүйл” гэж хэлээд шүлс нь хатаагүй байхад сүм хийдийг хаасан байдаг. Нэг хоржоонтой түүх өгүүлье. Нацистуудыг эсэргүүцэх ямар ч байгууллага үлдээгүй байсан тэр үед үйлдвэрчний эвлэл асуудал болоод байж. А.Гитлер майн баяр буюу 5-р сарын 1-ний өдөр Германы түүхэнд байгаагүй ажилчдын том парад зохион байгуулжээ. “Национал соцализм хөдөлмөрчдийн төлөө” гэсэн аварга том лоозон тавьж А.Гитлер ажилчдад хайр зарласан уран хуурмаг илтгэлээ цуурайтуулахад боолчлолын замруу явж байгаа тэд “хайль гитлер” хэмээн ёсолж байлаа. “Маргааш үйлдвэрчний эвлэлрүү дайрна. Ямар ч эсэргүүцэл гарахгүй!” гэж Геббельс тэмдэгллийн дэвтэртээ бичжээ. Яг бичснийх нь дагуу маргааш нь бүх юм өрнөж үйлдвэрчний эвлэлийг эзэлж, даргыг нь шоронд хийжээ. Үүний оронд “ажилчны үндэсний фронт” хэмээх боолчлолын хамтрал байгууллаа.

Хэдийгээр А.Гитлерийн засаглалд аж үйлдвэр 102 хувиар өссөн боловч энэ нь албадан хөдөлмөр, зэвсгийн үйлдвэрлэл гэсэн хоёр зүйл дээр тогтож байв. Ажилгүйдэл 6 сая даваад байсныг албан хүчээр 1 сая руу орууллаа. Үйлдвэрчний эвлэлийг тарааж, хамтын гэрээ байгуулах, ажил хаях эрхгүй болсноор хөдөлмөрчид хамжлага ёс руу эргээд оржээ. 1933 оны байдлаар цалин 19.4 цент байсан нь Англи, Америкаас хамаагүй доогуур үзүүлэлт аж.

Германы нийгэм оюун санааны амьдралд национал социализмаас бусад бүх зүйлийг хориглолоо. Хэвлэл мэдээлэлд хатуу цензурь тогтоож, нацист бус бүх сонинг хаасан байна. Франц, Америк кино гаргахыг хориглож Геббельсийн өөрөө хянаж баталсан Герман киног л театрууд гаргах болсон байна.

Залуу үе, боловсрол ч нацизмын том хохирогчид болсон юм. 10-14 насны охидыг “Юнгмедель” хэмээх байгууллагад заавал элсүүлнэ. Цагаан срочик, богино банзал өмссөн охид алс хол хөдөө тосгодоор аялж нацизм судлах үүрэгтэй. Үүний дараа 21 нас хүртлээ “Лиг”-ийн гишүүн байх бөгөөд шалгуур улам өндөрсөж газар тариалан, фермэр дээр заавал ажиллах ёстой. Өвөр насны олоэ охин хүчиндүүлж, жирэмсэлсэн бөгөөд охидоо энэ байгууллагад өгөхийг эцэг эхчүүд эсэргүүцэх болжээ. Гэвч удалгүй асуудал шийдэгдэж тийм эцэг эхчүүд фьюрерт үл итгэсэн, нацизмд эргэлзсэн хэргээр ял сонсох болов. Үүнтэй өнгө ижил “Гитлерюнгенд” хэмээх цэрэгжсэн байгууллагад 12 наснаас эхлэн бүх эрэгтэй хүүхдийг хүчээр татдаг байлаа. Товчхондоо таны хүүхэд 10-12 насандаа улсын өмч болоод яваад өгнө гэсэн үг. Ийм амьдын хагацал шахуу замыг бүтэн үеийнхэн туулж өнгөрөөсөн юм.

Эмэгтэй хүний үүрэг бол эрүүл чийрэг арий хүүхэд төрүүлэх явдал. Сул дорой арий хүн байх ёсгүй учраас дутуу, давжаа, ургийн гажиг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг төрмөгц нь устгадаг болов.

Тамалж зэрэмдэглэсэн цогцоснууд Рейн, Дуна мөрний эрэгт хөвж гарч ирэх нь давтамжтай үзэгдэл болжээ. Хутгаар тусгай тэмдэг тавьсан цогцос олдвол СА-гийнхан хийсэн нь ойлгомжтой бөгөөд энэ хэргийг цагдаа тэр дор нь хаана.

Германы сурвалжит нийгмийн давхарга нь цэргийнхэн байлаа. Тэд СА-гийн адал балбад үйлдлийг эсэргүүцэж А.Гитлерийн эсрэг эргэлт хийчих гээд санааг нь зовоодог байж. А.Гитлер СА-г тарааж тэдний толгойлогч бөгөөд национал социалист намыг хамтдаа үүсгэн байгуулсан Ремийг буудан хорооход цэргийнхэн талархан дэмжижээ. Гэтэл удалгүй төрийн эргэлт хийхийг оролдсон гэх Ремийн хэрэгт цэргийнхэн өөрсдөө татагдаж цуст цэвэрлэгээнд өртөв. Нэг шөнө 451 хүн алуулсны ихэнх нь цэргийнхэн, коммунистууд байв. СА-г тараасан ч түүнээс хэд дахин аюултай СС-ийг байгууллаа.

Харьцангуй бие даасан шүүх анхандаа нацистуудыг эсэргүүцэж байлаа. Нийгмийн моралийн хувьд илүү төлөвшсөн шүүх рүү нацистууд шууд халдаж чаддаггүй. Энэ асуудал ч удахгүй шийдэгдэж ард түмний шүүх, тусгай шүүх нэртэй байгууллага байгуулах замаар шүүх засагллыг нураав. Дээрх нацист шүүхээр засгийн газарт үл итгэсэн нацизмд эргэлзсэн хэргээр 2 жилийн дотор 27 мянган “дээд төрөлтөн ари хүн” шийтгүүлж хоригджээ. Дайн эхэлмэгц энэ тоо 200 мянгад хүрнэ. Геринг: “Хууль журам фьюрерийн хүсэл эрмэлзлэл хоёр салшгүй холбоотой" гэж хэлснээр шүүх яаж ажиллах ёстойг зааж өглөө. Анархизм албан ёсных болж хуульгүй дур зорго хаанчлав. Хүн биш хууль засаглана гэж тунхагласан манай улсад эрх зүй өдрөөс өдөрт бүдгэрч байгаатай өнгө ижил. УИХ баталсан хуулийнхаа яг эсрэгээр шүүхийн ерөнхий зөвлөлийг сонгосон. Төрийн албаны хууль гууль болж улс төрийн шалтгаанаар тангараг өргөсөн хэн бэ гуайг ч дураараа хольж, солих зэрэг анархи байдлаар асуудал шийддэг болсонд гайхах хүн ч алга.

Герман орныг хууран мэхэлж эзэлсэн А.Гитлер дэлхийг хууран эзлэх ажилдаа удалгүй оржээ. “Дайн хүн төрөлхтөнд хэрэггүй, Европын ирээдүй дайн байж болохгүй” гэж мэдэгдсэнийхээ маргааш Францтай маргаантай Рейм мужруу цэргээ оруулав. Австрийг цэргийн хүчээр заналхийлж нэгтгэснийхээ тайлбарыг “тэдний хүсэлтээр дотоод үймэн самууныг нь шийдэж өгсөн” гэж Англичуудыг тайвшруулав. Гурван талаасаа нацистуудад бүслэгдсэн Чехословакчуд сандарч яаралтай цэргийн дайчилгаа орон даяар явуулахаар болжээ. А.Гитлер 3 сая хүн амьдардаг Чехословакийн судет мужийг Германд өгөхийг шаардаад энэ бол "Германы зүгээс тавих газар нутгийн сүүлчийн маргаан" гэж Чембберлинд итгүүлж чаджээ. Европ тивийг дайнд галдахгүйн тулд Англичууд Чехословакийг шахсаар байгаад судет мужийг А.Гитлерт өгөв. Гэвч хэдхэн сарын дараа Чехословакийн Ерөнхийлөгч Гахаг А.Гитлер берлинд дуудаж өрөөндөө кино үзэнгээ үүдэндээ удаан хүлээлгэж доромжилжээ. Орой болсон хойно гарч ирээд ирээд “бид танайхруу яг одоо цэргээ оруулах гэж байгаа баярт мэдээг дуулгая. Эсвэл та үг дуугүй Чехийг агуу 3-р Рейхт нэгдсэн тухай илүү баярт мэдээг ард түмэндээ дуулгаарай” гэх нь тэр. Германы сүүлчийн газар нутгийн маргаан гэсэн амлалт анхнаасаа худлаа байжээ. А.Гитлер ганц сумны ч гарзгүй Австри, Чехсловакийг Рейхт нэгтгэж чадлаа.
Удалгүй Польшруу халдав. Ингэж сая барууны ертөнц А.Гитлерт хулхидуулж байгаа гэдгээ ойлгосон юм даа. Харин Ж.Сталин ар нуруундаа хутга зоолгох хүртлээ А.Гитлерийг холбоотон гэж бодсоор л байсан юм. Жентлемен барууныхан, цэрэг тагнуулын аугаа их суурьтай Оросууд хүртэл А.Гитлерт хуга молигдуулж эгээтэй дэлхий нийтээрээ хоосоо шахуулчих шахсан. За ийм л нэг эр 20-р зууныг хэсэг бужигнуулаад эцэст нь амиа хорлосон түүхтэй.
Бас нэмж сонирхуулахад алаг нүд, монхор хамар, ханагар чээжтэй Герман эрчүүдэд төгс зохицох нацист шинель урлахын тулд Хуго босс гуай Геббельсийн өмнө хэдэн сар “үсээ зулгааж махаа идсэн” гэх юм билээ. Нацист намын хараацайнууд дунд их сургууль дүүргэсэн ганц хүн нь Геббельс байжээ. Бүтэн зуун жил өнгөрсөн хойно хаа хамаагүй Азийн бөглүү гүнд хэдэн майга бор эрчүүд урласан юмаар нь гангараад байгааг харахад суртал ухуулга, гоо зүйн тал дээр ч мэдрэмжтэй нэгэж байж.

Г.Мөнхсүх

Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Наранцогтыг, Г.Түвдэндоржийг БОАЖ-ын дэд сайдаар томилохоор болжээ
Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Наранцогтыг, Г.Түвдэндоржийг БОАЖ-ын дэд сайдаар томилохоор болжээ
 
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.