Бөх сонирхогчид өчигдөр барилдаан үзэх гэсэн биш бөөн хэрүүл үзээд дууслаа. Манайд улс төр орсон болгон дампуурдаг жамтай. Үүний хамгийн бодитой сүүлийн жишээ үндэсний бөх болжээ. Ноёны бөхийг унагасанд их дагина, ноён хоёр хилэгнэснээс болж “Гарьд магнай” дээр бөхийн барилдааныг хойшлуулдаг. Ноён, их дагина хоёр бол тухайн үеийн улстөрчид.
Тэгвэл энэ цаг үед бас л улстөрчдийн гаргасан танилд тохой татсан шударга бус шийдвэрээс болж бөхчүүд хоорондоо зөрчилдөв. Эцэстээ хэн нь ч барилдаж чадахгүй бөхийн өргөөг орхих нь тэр. Энэ бол 2020 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан учир дутагдалтай шийдвэртэй шууд холбоотой.
Допингийн асуудал жил бүрийн наадмын “шүдний өвчин” болж ирсэн. Өнгөрсөн хугацаанд допинг илэрсэн бөхчүүдийн цолыг нь хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах хуулийн зохицуулалтаар шийдэж, шийтгэж байв. Гэвч тухайн үеийн Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй наадам зохион байгуулах хорооноос допинг илэрсэн аварга Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын барилдах эрхийг 2 жилээр бус 11 сараар хассанаас болж өнөөдрийн хамаг хэрүүл мандлаа.
Б.Пүрэвсайхан заан, Ө.Бат-Орших гарьд, Э.Даш тэргүүтэй бөхчүүдээс допинг илэрсэн тул хоёр жилээр хасч байсан. Мөн хамгийн дуулиантай жишээ болох Э.Оюунболдыг эхлээд хоёр жилээр хассан. Дараа нь өнгөрсөн жил дахин илэрсэн гэх шалтгаанаараа МҮБХ барилдах эрхийг нь найман жилээр хассан юм. МҮБХ өнгөрсөн жил дүрмээ өөрчилж эхний удаа илэрвэл дөрвөн жил, 40 сая төгрөгийн торгууль. Дахин илэрвэл найман жилээр барилдах эрхийг нь хасах заалтыг оруулсан юм. Аварга, арслан хоёрт өгсөн шийтгэлийн дараа бөх сонирхогчид албаар 100 жилд барилдуулах гэсэн шийдвэр боллоо гэж шуугьж байсан. Нээрээ ч аварга, арслан хоёрын барилдах эрх 2021 оны 6 дугаар сард сэргэхээр хугацаа тавигдсан байлаа. Ийм л ялгаатай шийтгэлээс болж О.Хангай харцага тэргүүтэй бөхчүүд болон бөх сонирхогчид дабль стандартыг эсэргүүцэж, тэгш эрх, адил шийтгэл хүссэн юм.
Энэ утгагүй, тэгш бус байдлаа нэн яаралтай нэг талд нь гаргахгүй бол цагаан сарын барилдаан ч болж чадахгүй нөхцөл байдал үүсч мэдэх нь. Өнөөдрийнх шиг улсын цолтой бараг ихэнх бөхчүүд тэгш байдал, шударга ёсыг хүсэмжлээд, нөгөө талд нь Н.Батсуурь аварга аавтайгаа, нутгийнхаа залуу бөхчүүдийг манлайлаад эсэргүүцээд зогсчихвол хэн ч шийдэж чадахгүй. Өчигдрийн барилдаанд барилдсан улсын цолтой бөхчүүдийн талаас илүү нь дабль стандарт, шударга бус байдлыг эсэргүүцэж байсан гэдгийг санах нь зүйтэй.
Магадгүй үүнийг зохицуулах ганц арга нь одоо эрхээ хасуулчихсан байгаа Э.Оюунболд тэргүүтэй бөхчүүдийн барилдах эрхийг хассан шийдвэрээ 11 сар болгож адилтгах. Эсвэл Н.Батсуурь, Р.Пүрэвдагва тэргүүтэй 11 сарын шийтгэлтэй бөхчүүдийн барилдах эрхийг хассан шийдвэрээ 2 жил болгож сунгах. Хэрэв асуудлыг ийм байдлаар шийдэхгүй хүчээр шийдэх гэвэл бөхчүүд чинь хоёр хагарч, асуудал улам хүндэрч мэдэхээр байна.
Эцсийн эцэст бөхчүүд минь ёс уламжлал, спортоо улс төрөөс л хол байлгах хэрэгтэй шүү.
Л.Баяр