УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат үг хэллээ.
Тэрбээр "Ковидын хуулиар төрийн албанд тодорхой хэмжээний томилгоонууд хийгдсэн. Сумын түвшинд ч томилгоонуудыг хийсэн. Хэдэн сайхан залуусыг ковидын хуулиар томилсон. Өнөөдөр тэр залуус төрийн албанаас гаръя, төрийн албан ажиллахгүй гэж ярьж байна. Тэнд ачаалал өндөр, цалин бага байна. ТАЗ-ийн тогтоол гарсан. Түүний үр дүнгээр сумдын ЗДТГ-ын 60-70 хувь нь чөлөөлөгдөөд ажил хийх хүнгүй болох гэж байна. Төрийн албаны хууль анхан шатны нэгжүүд дээрээ хүндрэлтэй зүйлийг дагуулж байна.
Өнөөдөр Хэнтий аймгийн хэмжээнд 114 ажлын байр сул байна. Зарлагдаад хүн ирдэггүй. Урьд өмнө дарга нар чамайг явбал арын чинь хүн байгаа гэдэг байсан бол одоо тийм зүйл байхаа больсон. Тиймээс бага нэгжүүдийн төрийн алба хаагчдын ажлын таатай нөхцөл, цалингийн асуудлыг шийдэх хэрэгтэй" гэв.