Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Омикрон хувилбар ба IV тунгийн ЭРГЭН ТОЙРОНД

Ангилал
COVID-19
Огноо
Унших
8 минут 24 секунд

Омикрон хувилбар дотоодод бүртгэгдэхээс даруй нэг сарын өмнөөс л баяр, ёслолын арга хэмжээнүүд хавтгайрсан гэхэд хилсдэхгүй. Үүний дүнд он гарсаар халдварын тохиолдол дөрөв дахин нэмэгдсэн болохыг албаныхан онцолж байна. Гэхдээ бид халдварын эрсдэл дэргэд буйг мэдсэн хэр баяр, ёслолдоо анхаарал хандуулж, дураараа дургисан нь нэг ёсондоо вакциндаа найдсаных байх. Учир нь хүн амын 40 гаруй хувь нь л коронавируст халдварын бүүстер тунд хамрагдахад эмнэлгийн ачаалал болоод дельта давлагааны оргил үед өдөрт 4 мянга хүрч байсан халдварын тохиолдол гурван оронтой тоо руу буутлаа үр нөлөө нь харагдсан. Өөрөөр хэлбэл, вакцины тунтай иргэд өөрийгөө болон өрөөлийг ч халдварын эрсдлээс хамгаалсан хэрэг.

Тэгвэл дэлхий нийтээрээ коронавируст халдварын шинэ сорилттой нүүр тулж ирлээ. Товчхондоо, дотоодод омикрон хувилбар бүртгэгдэх нь цаг хугацааны л асуудал байв. Харин хилийн хяналтыг чангатган дотоодод алдалгүй барих энэ зуурт эрүүл мэндийн салбарын бэлтгэл ажлаа хангасан болохыг холбогдох албаныхан мэдээлсэн. Тэгвэл бид омикрон хувилбартай холбоотой хэд хэдэн асуудлуудад хариулт хайв.

Омикрон хувилбарын талаар бид ЮУ МЭДЭХ ВЭ?

Омикрон хувилбарын үед илрэх ШИНЖ ТЭМДГҮҮД

Омикрон хувилбарын талаар бидний хамгийн анхны мэдээлэл бол ДЭМБ тус хувилбарыг "онцгой анхаарал татах хувилбар" жагсаалтад бүртгэн авсан явдал. Омикрон хувилбарт хоёр онцлог байгаа ба нэг талаар халдварлах чадвар бусад хувилбаруудаас хэд дахин өндөр хэдий ч өвчлөл хүндрэх цаашлаад нас барах магадлал хэд дахин бага талаар олон улсын эрдэмтэд мэдээлж буй.

Тус хувилбар нь халдварлах чадвар өндөр байгаагаас вакцингүй бүлэг буюу хүүхэд, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдэд эрсдэл үүсч мэдэхээр байна. Тухайлбал, омикрон давалгааны үед гэр бүлийн нэг гишүүн өвдсөний дараа бусад гишүүн 100 хувь өвдөх эрсдэлтэй.

ЭМЯ: Монгол Улс Омикрон хувилбарыг тогтооход 5-10 хоног шаардлагатай

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Омикрон хувилбарын үед эсэд нэвтрэх чадвар нь нэмэгдсэн ч, амьсгалын дээд замын салст, хамрын хөндий, залгиур хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн салстад илүү нэвтэрч байна. Харин уушгины эс рүү нэвтрэх чадвар нь буурсантай холбоотойгоор омикрон хувилбарын үед хатгаа болох эрсдэл бага байгаа аж. Вакцин хийлгээгүй, вакцины нэгдүгээр тунтай иргэд болон вакцин хийлгээд гурван сарын хугацаа өнгөрсөн бол омикрон хувилбараар өвдөх эрсдэлтэй юм байна" хэмээн мэдээлж байв.

Омикронтой тэмцэх гол зэвсэг нь IV тун байх уу?

Манай улсад бүртгэгдэж дельта хувилбарын давлагааны үед өдөрт 4000 орчим байсан. Энэ удаа халдварлах чадвар нэмэгдсэн тул оргил үедээ 15-20 мянган тохиолдол бүртгэгдэнэ хэмээх тооцооллыг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлж байсан. Тэгвэл манай улсад омикрон хувилбарын тархалтын оргил үе нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр таарах судалгааны мэдээлэл ч байна. Дэлхий нийт коронавируст халдвартай тэмцэж буй гол тактикаа хүн амын оролцоонд суурилж тавьсан гэхэд болно.

Тодруулбал, олон нийт халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакцинжуулалтад хамрагдах. Иймдээ ч дельта давлагааны үед гуравдугаар тунгийн ажлыг эрчимжүүлж байсан бидний хувьд одоогийн нөхцөлд Засгийн газраас дөрөв дэх тунг хийж эхлэх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, омикрон хувилбараар дахин өвдөхгүйн тулд дархлаагаа бэлдэж, буурсан эсрэг биеийн түвшингээ нэмэгдүүлэх шаардлага бий болсон хэрэг.

Ц.Билэгтсайхан: Бид дельта хувилбарын давлагааны ард гарлаа

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Халдварт өвчний эсрэг хамгийн чухал арга хэмжээ нь вакцинжуулалт. Гэхдээ ковид19-ийн эсрэг вакцин урт хугацаандаа дархлаа тогтоож чадахгүй байна. Вакцинжуулалтын дараах дархлаа тогтож буй насжилт нь 4-6 сар гэсэн үг. Тиймээс 4-6 сар тутамд эсрэг биеийн түвшнээс шалтгаалж бүүст хийх шаардлага гарч байна гэж ойлгож болно. Омикрон хувилбар нь альфа, болон дельтагаар өвдсөн хүн дахин өвдөх эрсдэлтэй. Тиймээс дахин халдвар авах эрсдэлтэй учраас бид дархлаагаа бэлдэх шаардлага гарсан" гэв.

Омикрон хувилбараар өвдөх эрсдэл хүн бүрт бий юу?

Албаныханы мэдээлснээр, өмнө ямар нэг байдлаар огт өвдөөгүй хүмүүс омикрон халдвараар 100 хувь өвдөх эрсдэлтэй. Мөн 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь. Түүнчлэн халдвараар өвчилснөөс хойш вакцин хийлгээгүй бол мөн Омикрон хувилбараар өвчлөх эрсдэл бий. Учир нь тусаад эдгэрсний дараа тогтсон дархлаа Омикрон хувилбар хангалттай хамгаалж чадахгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, тус хувилбарын хүний эс рүү нэвтрэх чадвар нь хялбар байгаагаас төдий хэмжээгээр халдварын эрсдэл хүн бүрт байна гэсэн үг.

IV тун биднийг хамгаалж чадах уу?

Омикрон хувилбарын халдварлалтын индекс 90 хувь. Иймээс вакцины бүүстер тун хийснээр хүний дархлааны эсүүдийн тоог олшруулж, эсрэг биеийн хэмжээг 4-5 дахин нэмэгдүүлж байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Хэдийгээр манай улсад гуравдугаар тунгийн хамралт өндөр байгаа нь давуу тал байж болох ч эргээгээд вакцингүй бүлгээ эрсдэлд оруулахгүйн тулд IV тунг хийлгэх шаардлага зүй ёсоор үүсч буй юм.

Хүн амаа IV тунд бүрэн хамруулахад хүрэлцэх хэмжээний вакцины нөөц бий юу?

Манай улс гадаад болон дотоодын судалгаанд үндэслэн III тунгаас хойш гурван сарын дараагаар мөн вакцин үйлдвэрлэгчийн удирдамж, зөвлөмжид үндэслэн IV тун хийлгэх боломжтой болсон. Тэгвэл IV тунг хийх хэмцээний хангалттай вакцины нөөцийн хүрэлцээ бий юу. Энэ асуултад ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцин 782 мянган хүн тун, Файзер вакцины 2 сая хүн тун. Нийтдээ 2.8 сая хүн тун байна гэсэн үг. Бүх нийтээрээ 3 болон 4 дэх тунгаа хийлгэхэд хангалттай" гэх хариултыг өгсөн юм.

Вакцинуудын хугацаа дуусч байгаа юу?

Бидэнд хангалттай хэмжээний вакцины нөөц байна. Тэгвэл вакцинуудыг хэрэглэхээс урьтаад хадгалалтын хугацааны асуудал яригдаж, олон нийтийн санааг чилээх болов. Тэгвэл тус асуудалд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Өнгөрөгч оны есдүгээр сард ДЭМБ-аас АНУ-ын Файзер компани луу захидал хүргүүлсэн байдаг. Тус захидалд -60-90 градусын гүн хөлдөөгчинд байгаа вакцинуудын шошгон дээрх хугацаа зургаан сар байсан. Вакцин гүн хөлдөөгчинд байгаа тохиолдолд дахин гурван сараар сунгах боломжтой гэж үзсэн. Учир нь хөлдөөгчинд байх хугацаанд вакцины үр нөлөө өөрчлөгдөөгүй байна гэх судалгаа гарсан. Файзер компани есдүгээр сарын 21-ноос хойш шошгон дээрх хугацаагаа есөн сар болгон үйлдвэрлэж эхэлсэн. Иргэд эргэлзэх шаардлага байхгүй" гэх хариултыг өгсөн юм.

Тяньжин хотод омикроны дэгдэлттэй тэмцэж, хязгаарлалтыг чангатгаж байна
Тяньжин хотод омикроны дэгдэлттэй тэмцэж, хязгаарлалтыг чангатгаж байна
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.