Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямдоржийн үгийг Д.Тогтохсүрэн тасалж, Ерөнхий сайд болон ХЭГ-ын дарга хоёрын харилцаа “хүйтэрснийг“ зарлав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 54 секунд

“Давхар дээл”-тэй холбоотой асуудлыг хэлэлцэх Цэцийн хуралдаан яагаад хойшилсон. Ямар хүмүүс хойшлуулсан талаар өмнөх нийтлэлүүдээрээ та бүхэнд хүргэж байсан. Улс төрийн нөхцөл байдал одоо ч сайнгүй хэвээрээ л байна.

Ер нь Цэцийн хуралдаантай холбоотойгоор янз бүрийн улс төр өрнөж байгаа. “Дан дээл”-тэй сайдуудын лобби бүлэг тасралтгүй үйл ажиллагаа явуулсан хэвээрээ байна. Сая Цэцийн хурлыг хойшлуулсан гол эзэд нь уг лобби бүлэг. Үүнээс улбаалаад Ардын нам дотор уг лобби бүлгийг хэн ахалж, далдаас удирдаж буйг олох их аян эхэлсэн. Лобби бүлгийн гишүүд бол тодорхой. Гаднаас томилогдсон сайдууд, хаашдаа сайд болж чадахгүй гишүүд. Харин тэр Дон Корлеони маягийн толгойлогч нөхрийг олчихвол далдаас зүтгүүлээд байгаа “хортой” улс төрийг нь таслах боломж бүрдэнэ.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн танхимд сүүлийн өдрүүдэд нэг сонирхолтой үйл явц өрнөх болов. Намын бодлогоор Л.Оюун-Эрдэнийн Засагт багтаж байсан Ц.Нямдорж Ерөнхий сайд хоёрын харилцаа “хүйтэрсэн” гэдгийг эх сурвалжууд мэдээлэв. Түүний нэр Л.Оюун-Эрдэнийн шинэ танхимд багтаагүй. Улс төрд ухаан орсон цагаасаа л сайд, даргаар ажилласан Ц.Нямдорж сайдад өөрийг нь жийсэн шинэ бүтэц таалагдахгүй бололтой. Тиймээс намынхаа өвгөн хуульч, ахмад улстөрчдийг Ерөнхий сайдын өрөө рүү оруулж, “гишүүн сайдын тоог нэмэх нь буруу, намын нэр хүндэд халтай” гэх агуулгыг тоть шиг давтуулж буй гэнэ.

“Давхар дээл” бол Ерөнхий сайдын өнгөрсөн зунжин төлөвлөсөн улс төр. Гэтэл танхимын сайдууд нь лобби бүлэг байгуулчихсан. Гэтэл үүнийг нь “гацаах” салхийг өөрийнх нь хажуугаа сэвэлзүүлсэнд мань эр ихээхэн дургүйцэж буй. Үүгээр ч барахгүй уг лобби бүлгийн чиглүүлэгчээр насаараа хуулийн салбарыг тэргүүлчихсэн танхимын сайд нь “тууж” яваа гэх яриа саарал ордны тамхины цэг дээр яригдах болов. Магадгүй Цэцийн хурлыг хойшлуулах хэмжээний улс төрийг Ц.Нямдоржоос өөр хүн хийхгүй. Хэрэв санаж буй бол 2016 оны сонгуулийн өмнө Ардын намынхан сонгуулиас сар гаруйханы өмнө сонгуулийн тогтолцоог Цэц дээр өөрчилсөн. Уг ажлыг гардаж хариуцсан Ц.Нямдорж, Н.Жанцан, Д.Лүндээжанцан гэх гурван хуульч. Өөрөөр хэлбэл Ц.Нямдорж Цэцэд маш их нөлөөтэй. Нөлөөтэй учраас л Ардчилсан нам засаглаж байхад сонгуулийн тогтолцоог нь өөрсддөө хэрэгтэй байдлаар өөрчилж дөнгөсөн түүхтэй. Ийнхүү Цэц дээр нөлөөлсөн хоёр хүнээр Ардын намынхан дотроо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарын тодруулж амжлаа.

Өчигдөр гэхэд л бүлгийн хуралд оролцсон Ц.Нямдорж сайдын микрофоныг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 4 минут нь дуусан гэх шалтгаар хааж орхисон талаар эх сурвалж мэдээлэв. Ц.Нямдорж сайдыг үг хэлэхэд хэн ч микрофоныг нь хааж бараг зүрхэлдэггүй. Мань эрч хэрэгтэй хэрэггүй зүйл ярих нь бага. Ялангуяа бүлгийн хурал дээрээ ингэж үгээ таслуулсан тохиолдлыг нь тоолбол хэд байх бол доо. Өчигдрийн бүлгийн хуралд Ерөнхий сайд оролцсон атлаа танхимын гол сайдынхаа үгийг дуусгуулах ч хүссэнгүй. Энэ бол энэ хоёр хүний харилцаа хэрхэн “хүйтэрсэн” болохыг гэрчлэх шигшмэл баримт.

Хамгийн хоржоонтой нь одоогийн ХЭГ-ын даргын үг хэлэх эрхийг ирээдүйн ЗГ-ын ХЭГ-ын дарга хаасан явдал юм. Хэрвээ “давхар дээл” батлагдвал бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ЗГХЭГ-ын дарга буюу Ц.Нямдоржийн суудлыг авахаар байгаа. Д.Тогтохсүрэн 2020 оны сонгуулийн дараа ЗГХЭГ-ийн дарга болох саналыг тавьсан ч У.Хүрэлсүх хэдхэн сарын дараа танхимаа өөрчлөх тул өнжих саналыг тавьсан гэдэг. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын сайдууд анхнаасаа "түр" гэдэг тодотголтойгоор томилогдож байсан. Тиймээс хуучны тохироо, өнжсөн өнжилтөө энэ удаад нөхөхөөр ЗГХЭГ-ийн даргад өөрийгөө “сойгоод” буй нь энэ. Намдаа, гишүүддээ хүлээн зөвшөөрөгдсөн олонхын бүлгийн даргыг ЗГХЭГ-ын даргын өрсөлдөөнд орж ирэхэд агаараа мэдрэхгүй өмнүүр нь орж дарцаглах хүн Ж.Мөнхбатаас өөр хүн бараг л байхгүй гэж гишүүд шивнэлдэх болсон.

Ийнхүү Ардын намын улс төр дотроо тун ч халуухан өрнөж байна. Гэхдээ үхсэн ч өмхийгөө тавихгүй тэд энэ дотоод талцал, маргаан, зөрчлөө төдийлөн олон нийтэд ил гаргахгүй юм даа. Ямартаа ч Цэцийн хуралдаан энэ баасан /1.14/ гарагт болох товтой. Гэхдээ дахиад хойшлох нигууртай. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын зүгээс Ц.Нямдорж, У.Хүрэлсүх улстөрчидтэй хийх улс төрийн тоглолтоос хурал хойшлох эсэх нь тодорхой болно. Яаралтай тохироогоо хийчихвэл “давхар дээл”-ийг хүлээж авах асуудлыг намрын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэх магадлалтай. Намрын чуулган хуваарь ёсоор энэ сарын 27-ны өдөр завсарлана.

Г.Лхагвадорж

Өнөөдөр 6000 иргэнийг дархлаажуулна
Өнөөдөр 6000 иргэнийг дархлаажуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.