Гадаадад зорчсон хоёр Монгол иргэнээс коронавируст халдварын мутаци болох "омикрон" хувилбарын тохиолдол илэрсэн гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодруулахад "Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монгол улсаас гадаад улсад зорчсон иргэдээс Ковид19 эерэг илэрвэл ХӨСҮТ-лүү мэдээлэгддэг. Хамгийн сүүлд 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд гадаадад зорчсон Монгол иргэн эерэг илэрсэн гэх мэдээлэл ирсэн байна. Тухайн иргэнд ямар хувилбар илэрсэн талаарх гены дараалал тогтоох шинжилгээ хийгдэж байгааг мэдээлсэн" гэлээ.
Манай улс 11 дүгээр сарын 27-ноос эхлэн хилийн тандалтын хариу арга хэмжээг эрчимжүүлж, гадаадаас ирж буй иргэдээс шинжилгээ авч, гурав хоногийн хугацаанд тусгаарлаж буй. Ингэхдээ өнөөдрийн байдлаар ковид19-ийн зөөвөрлөгдсөн 199 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Зөөвөрлөгдсөн тохиолдлуудын хувилбарын тандалтыг хийж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Харин дотоодод омикрон хувилбарын тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг албаныхан мэдээлээд байгаа билээ.
Гэхдээ БНСУ-ын https://www.news1.kr сайтад АНУ болон Монголоос ирсэн 3 иргэнээс Омикрон илэрсэн хэмээн мэдээлээд байгаа юм.