Ерөнхий сайд сайд болон сайд болохоор гүйж явсан УИХ-ын гишүүдийн тооцоо ёсоор өнөөдөр ҮХЦ-ийн дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцэж суух байлаа. Гэвч энэ долоо хоногийн даваа гарагт /2021.12.27/ хамаг төлөвлөгөө нурж, тун ойлгомжгүй байдлаар ҮХЦ-ийн хуралдаан хойшлов. Уг асуудалтай холбоотойгоор “УИХ хойшлуулах санал гаргасан, төлөөлөгч Н.Энхболд гишүүн ковидын хавьтал болсон”. Эсвэл “ҮХЦ Т.Доржханд гишүүний сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг хамтатгаж хэлэлцэх нь” гэх зэрэг бор шувууг саарал ордны тамхины цэг дээр нисгэсэн.
Харин үнэндээ “Давхар дээл”-ний асуудлыг хэлэлцэх байсан ҮХЦ-ийн хуралдааныг хойшлуулсан “эзэн” нь саарал ордны гурван давхрын зүүн жигүүр хавьцаагаас тодорсон талаар эх сурвалж мэдээлэв. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө Цэцийн хурлыг хойшлуулаагүй нь тодорхой болов.
Хэдийгээр бичиг цаасан дээрээ намаасаа “явсан” ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одоо хүртэл намдаа ямар “бяртай” вэ гэдгийг дэндүү хөөрцгөөсөн УИХ-ын гишүүд одоо ойлгож буй биз. Тэр хүсэхгүй бол Ерөнхий сайд танхимын гишүүдээ сэлгэж, гишүүд дур зоргоороо сайд болж чадахгүй гэдэг нь харагдаж байна.
Өнгөрсөн өдрүүдийн нийтлэлүүдээрээ өгүүлж байсан “Давхар дээл”-ийг эсэргүүцэх “Дан дээлтэй” сайдуудын лобби бүлэг ажиллагаагаа маш амжилттай зохион байгуулж Цэцийг гацаах боломжтой нэг том институттэй холбоо тогтоожээ. Тодруулбал, уг хурган лобби бүлэг “Гишүүд “давхар дээл”-тэй болох асуудлыг нийгэм хүлээн зөвшөөрөхгүй байна. Нам руу олон нийтээс “гал” ирэх нь” хэмээн бор шувуу нисгэсээр Ерөнхийлөгчийн толгойг эргүүлсэн бололтой. Үндсэн хуулийн цэц дээрээ хөх тэнгэртэй хэдий ч яг хажуудаа эрх барьж буй намаас хамааралтай гэж олон нийт шүүмжилдэг. Үүнийгээ сүүлийн хэд хэдэн шийдвэрүүдээрээ хангалттай нотолсон. Өмнө нь ч ийм буруу жишгээр явсаар ирсэн. Цэцийн 9 гишүүний Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүх гэсэн гурван газраас гурав, гурван хүнийг санал болгож томилуулдаг. Өөрөөр хэлбэл Цэц дээр хийсэн томилгоогоороо хамгийн “бяртай” нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх.
Тэгвэл “давхар дээл”-ийг эсэргүүцэгч “дан дээл”-тэй сайдуудын лобби бүлэг багтаа хаашдаа сайд болохгүй хэдэн УИХ-ын гишүүдийг нэгтгэхээс гадна Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга тэргүүтэй ганц нэг хүмүүсийг нэгтгэж дөнгөсөн гэнэ. Хамгийн гайхалтай нь “давхар дээл”-тэй сайдуудаар Засгийн газрын танхимыг дүүргэхийг өнгөрсөн хугацаанд ил далдаар хамгийн их дэмжиж байсан хүн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байсан. Тэр намрын чуулган эхлэхтэй зэрэгцэж Ерөнхий сайдад сул сайдуудад хариуцлага тооц хэмээн шахалт үзүүлж, “давхар дээл”-тэй сайдууд ажил явуулахад нэмэртэй талаар өгүүлж байлаа. Харин яагаад энэ бодлоосоо гэнэт ухрав гэдэг нь сонирхолтой. Магадгүй түүний эргэн тойрны хүмүүсийн нөлөө маш хүчтэй ажилласан бололтой. Арга ч үгүй биз. Одоо сайдаар ажиллаж байгаа гаднаас томилогдсон сайдуудын нэлээдгүй хувийг одоогийн Ерөнхийлөгч, цаашлаад түүний эргэн тойрны хүмүүс болох Я.Содбаатар, Ж.Энхбаяр тэргүүтэй нөхдүүд Л.Оюун-Эрдэнийн танхимд “шургуулж” байсан. Тиймээс өөрсдийн хүмүүсийг хамгаалж үлдэх гэсэн арга хувилбар ч байж болох талтай. Эсвэл энэ үйлдлээрээ дараагийн танхимд Ерөнхийлөгчийн нэр дээр ахиухан квот авах гэсэн улс төрийн “нүүдэл” байхыг ч үгүйсгэхгүй. Ямартаа ч Ерөнхий сайд тэргүүтэй УИХ-ын гишүүдийн төлөвлөгөө ийм асуудлаас болж ҮХЦ дээр гацжээ. Оны дараа МАН-ынхан ҮХЦ дээр "тохируулгаа" хийгээд асуудлыг дахин цэц рүү оруулах биз ээ.
Г.Лхагвадорж