Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дан дээлтэй сайд нар давхар дээлийг зогсоох лобби бүлэг байгуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 1 секунд

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа, Н.Ганибал нарын давхар дээлтэй холбоотой гаргасан гомдлыг үндсэн хуулийн цэц өнөөдөр \2021.12.27\ хэлэлцэнэ. Цэцээс “Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх эрхтэй гэсэн атлаа УИХ-ын дөрвөөс дээш гишүүн сайд байж болохгүй гэж хязгаарласан нь хоорондоо зөрчилдөж байна. Энэ хоёрынхоо аль нэгийг сонго” гэсэн агуулгатай шийдвэр гарч УИХ-д хүргүүлнэ. Энэ шийдвэрийг УИХ авч хэлэлцээд давхар дээлтэй сайд нарт тавьсан хязгаарыг цуцална. Ингээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дан дээлтэй сайд нарын ихэнх нь чөлөөлөгдөж давхар дээлтэй, гишүүн сайд нар УИХ-аас томилогдоно. Эрх баригчдын өмнөөс цэцэд өргөдөл гаргасан Ш.Адъшаа, Н.Ганибал нарын хариу шагнал болгож тэдний “том ах” Х.Баттулгад АН-ын тамгыг нэг мөр атгуулж АН-ын дарга тойрсон маргаанд цэг тавина. Зохиол ёсоороо бол ойрын үед улс төрд ийм үйл явдлууд өрнөх ёстой. Гэтэл давхар дээлээ нөмрөөд шинэ сэргэлтийн бодлогоо мандуулах эрх баригчдын санаа тийм ч амар бүтэхгүй бололтой.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН дотор давхар дээлийг зогсоох лобби бүлэг байгуулагдаж нэлээд эртнээс ажиллаад эхэлсэн гэв. “Батлаад хоёр ч жил болоогүй үндсэн хуулийн шинэчлэлээс ингэж ухарч болохгүй. Дан давхар дээлний зовлонг парламент хэдэн үеэрээ ярьж байж арай хийн шийдсэн. Засгийн газар давхар дээлтэй сайд нараар дүүрэхээр УИХ-ынхаа дээр гараад суучихдаг. УИХ-ын хууль тогтоох ажиллагаа үлэмж сулардаг. Нөгөө талдаа УИХ-ын гишүүдийн зүгээс сайд болох амбицтай хүмүүс нь Засгийн газар, аль нэг сайдыг огцруулах мөнхийн марафонтой явж ирсэн. Товчхондоо гүйцэтгэх засаглал тогтворгүй байх нөхцөлийг давхар дээл бий болгодог” гэж улс төрчид, судлаачид ч хэлж ярьж ирсэн. Тийм болохоор давхар дээлний лоббиг зогсоох ёстой. Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтийг дүгнэж, цэгнэх хангалттай хугацаа өнгөрөөгүй байхад ингэж ухарч болохгүй гэх суртал багагүй газар авсан ажээ.

Давхар дээлийг зогсоох лобби бүлэг эртнээс байгуулагдсан бөгөөд бүрэлдэхүүнд нь одоогийн дан дээлтэй сайд нар багтсан байна. Тэд хэд хэдэн удаа уулзаж ажлын төлөвлөгөө хүртэл гаргаж түүнийхээ дагуу нөлөөллийн ажлаа далд хийсээр байгаа гэв. Тодруулбал үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-д нөлөөлөхөөр хуваарилагдаж уулзалтууд хийж байгаа ажээ.

Давхар дээлийг сэргээж УИХ-ын гишүүдийг сайд болгох ажиллагааг МАН-ын экс генсек, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ахалж байгаа гэдэг. Тэгвэл давхар дээлийг зогсоох лобби бүлгийнхэн түүнтэй уулзаж үндсэн хуулийн өөрчлөлтийг оролдохгүй байхыг ятгасан гэсэн мэдээлэл байна. Мөн УИХ-д анх удаа сонгогдсон болон сайд болох магадлал багатай УИХ-ын гишүүдтэй ч энд тэнд уулзалт хийж янз бүрийн хөрөнгө оруулалт, тойргын асуудлыг шийдэхэд дэмжих зэргээр амлалтууд өгч байгаа гэж саарал ордны тамхины цэг дээр яригдах боллоо.

Хуулийн дагуу УИХ-ын 57 гишүүн дэмжиж байж үндсэн хуульд гар хүрэх боломжтой. Одоогийн МАН-ын 62 гишүүн намын бодлогоо ерөнхийдөө дагана гэсэн хүлээлттэй байгаа. АН-аас Ш.Адъшаа, Н.Ганибал, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, А.Адъяасүрэн зэрэг “том ах”-ын гишүүд давхар дээлийг дэмжинэ. Ингээд нийтдээ 67 гишүүн давхар дээлийг сэргээхийг дэмжих магадлалтай байгаа. Үүнээс 10 гишүүн хасагдсан ч эрх баригчид бодлогоо хамгаалаад гарах боломжтой.

Тийм учраас лобби бүлгийн хувьд АН-ын үлдсэн гишүүдээс гадна, МАН-ын 11 гишүүнд ямар нэг ашигтай санал тавьж давхар дээлийг сэргээхгүй байхад дэмжлэг авах шаардлагатай болж байгаа юм. Тэд үүний тулд сайдын албан тушаалаар олгогдсон эрх мэдэл, томилгоо, хөрөнгө санхүү, тойрогт нь шийдвэрлэх асуудал зэрэг ашиглаж болох бүх хөзрөө ашиглаж байгаа гэнэ.

Ойрын үед өрнөх улс төр, эрх баригчдын битүү гоо даам тун сонирхолтой болох янзтай. Гагцхүү аль лобби нь ялж цаашдын засгийн зураг зурахыг харах л үлдлээ.

Нийслэлчүүдээ, өглөө эрт сэрж, үйлдвэрлэл үйлчилгээгээ эхлүүлье
Нийслэлчүүдээ, өглөө эрт сэрж, үйлдвэрлэл үйлчилгээгээ эхлүүлье
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.