"Үйлчилгээний газрууд өглөө эрт онгойдог ч болоосой..." хэмээсээр ажил, сургууль, шинэ уулзалтдаа яарсан иргэдээр дүүрэн эх хотын өглөө эхэлдэг билээ. Түм түжигнэж, бум бужигнасан манай хотод өглөөний зургаан цагт онгойж оройн 12 цагт хаадаг хүнсний дэлгүүр, эмийн сан, үсчин гоо сайхан гэх мэт газрууд бараг л "нүдний цөцгий" мэт цөөхөн гэж хэлж болно.
Уул нь хотын мэйр Д.Сумьяабазар их хотын бизнес эрхлэгчиддээ зориулж "цэцэг шиг" үгээр бэлэг барьсан. Тэр нь "Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, чөлөөтэй бизнес эрхлэх нөхцөл боломжоор хангаж байна.
Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахын тулд 7-12 бичиг баримт бүрдүүлдэг. Энэ нь нийт аж ахуйн нэгжийн хэмжээгээр тооцвол 168 мянган бичиг баримт бүрдүүлэхэд хүрдэг байна. Бичиг хэргийн зардалд 42 сая, тээврийн зардалд 149 сая, нийт 191 сая төгрөгийг зарцуулдаг. Тэгэхээр энэ бүх зардлыг хэмнэж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс энэхүү шийдвэрийг гаргаж байна" гэдгээ хэлсэн.
Мөн цар тахлын нөхцөл байдал харьцангуй гайгүй болж хүнсний дэлгүүр, эмийн сан нийт үйлчилгээ эрхлэгчдийн цагийн хуваарийг сунгаж өгсөн. Гэсэн хэдий ч нөгөө талдаа хамгийн их орилж амь тавьлаа хэмээж байсан худалдаа, үйлчилгээ эрхлэгчид маань цагийн хуваарийг нь сунгаж чөлөөтэй бизнес үйлчилгээгээ хийх эрхийг нь олгочихоод байхад ЭРТ ОНГОЙХГҮЙ нэг зовлонтой, удаж удаж онгойхоороо орой ЭРТ ХААЛГАА барьдаг бас нэг зовлонтой болоод удаж байна.
Иргэд ч уг асуудлыг шүүмжилж, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг залхуу байна хэмээн үзэж байгаа талаараа ярьлаа.
Иргэн Г.Мөнхцэцэг: "Залуус бид бол өглөө эрт босдог. Фитнесс, сургалт, гэх мэт олон ажилтай байдаг. Харин энэ бүхэн эхлэхээс өмнө дэлгүүр орох, эмийн сан орох, хөнгөхөн цайлах, үсээ индүүдүүлэх зэрэг үйлчилгээ авах газар ховор байдаг. Заримдаа бухимдмаар хэдий ч ийм жижигхэн юман дээр бухимдаад байвал сүйд болох байх" гэв.
Иргэн Ц.С...."Коронавирустай холбоотойгоор өглөө аажуу онгойгоод байгаа юм болов уу гэж боддог. Надад өглөө гараад үйдчлүүлэх шаардлага гардаггүй болохоор анзаараад байдаггүй. Гэхдээ эрт онгойж. орой хааж байвал амьдралд хэрэгтэй гэж боддог. Зарим хүмүүст ажилдаа явахаас өмнө дэлгүүр хоршоо нь онгойж байвал зүгээр шүү дээ" гэв.
Иргэн Г.Цэрэндагва: "Өглөө найман цагаас ажилдаа очдог. Ажилдаа явахаас өмнө онгойх хэрэгтэй. Хөл хорионд ороод маш удаан хугацаанд аажуу онгойж эрт хаасан болохоор хүмүүсч, худалдаа үйлчилгээ эрхлэгчид нь тэрэндээ дасчихсан байх. Одоо нэг нь эрт нээгээд үйлчлүүлэгчид нь эрт үйлчлүүлээд дасчихвал асуудал гарахгүй байх аа. Тиймээс эрт нээгээрэй гэж уриалмаар" гэв.
"Би өөрөө эртэч. Дасгал хөдөлгөөн иог хийдэг. Өглөөгүүр дасгалаа хийгээд ажилдаа ирдэг замд онгойсон байдаг газар байдаггүй шүү дээ. Хэдэн ТҮЦ онгойсон байдаг. Би нэг удаа шөнөжин толгой өвдөөд өглөө нь эм авч уух гэсэн чинь онгорхой эмийн сан олдоогүй. Яг тулсан үед бол сандардаг юм билээ. Бусдаар хүн нэг их анзаарахгүй явдаг юм билээ" гэлээ.
Иргэн н.Нэмүүлэн "Өглөө эмийн сан, дэлгүүр, үйлчилгээний газраар ордоггүй. Угаасаа бүгд хаалттай байдаг болохоор"
Ийнхүү бид худалдаа, үйлчилгээний газар өглөө эрт онгойдоггүй, болон эрт хаадаг асуудлаар иргэдийн санаа бодлыг сонсоход бүгд өглөө эрт эхэлдэг худалдаа үйлчилгээний газар алга байна. Эрт онгойж аажуу хаах нь худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд ч, иргэдэд ч тэр хэрэгтэй гэх нэгдсэн хариултыг өглөө.
Харин бид худалдаа үйлчилгээ эрхлэгчид өглөө аажуу нээж, орой эрт хааж байна уу гэдгийг үзэхээр томоохонд тооцогдох Хархорин, Бөмбөгөр худалдааны төвүүдээр 10 цаг өнгөрөөгөөд ороход онгойж жигдэрсэн лангуу ганц нэгхэн л байсан юм. Харин хүнсний дэлгүүр эмийн сан, үсчин гоо сайхны газрууд 9 цаг өнгөрч байхад дөнгөн данган үүд хаалгаа нээж байлаа.
Нийгмээ дагаад амьдралын хэмнэл хурдан болохын хэрээр эртэч иргэд улам л олон болж буй. Гэтэл өглөөний хэмнэлд нь таарсан худалдаа үйлчилгээний газар ховор байгааг тэд манайхан залхуу хойрго байгаатай нь холбон тайлбарлаж байна. Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгчид илүү хөдөлмөрч, эртэч байх хэрэгтэй гэдгийг энэ зүйл харууллаа. Нөгөө талдаа гадны сүлжээ дэлгүүрүүд нь өглөө, оройн цагаар өрсөлдөгчгүй монополь байгааг харж болно. Жишээ нь CU, GS25 гэх мэт дэлгүүрүүд өглөө эрт онгойж, орой 12 цаг хэртэл ажиллаж байсан шүү.
Харин манай хотод өглөө эрт онгойдог нэлээд хэдэн кофе шоф байдаг юм билээ. Өглөөний 06 цагаас онгойдог кофе шопуудын мэдээллийг энд дарж харна уу.