УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн "Тэтгэврийн сангийн орлого, зарлага улсын нэгдсэн төсвийн орлого, зарлагадаа орж тооцогддог. Төсөв баталчихсан байгаа. Өөрчлөлт хийхгүй бол энэ хуулийн төслийн дагуу жил бүр 700-800 тэрбум төгрөгийн татаас авна. Хаашаа л харна татаастай болсон нөхцөл байдал руу орох гээд байна. Ард түмэнд таалагдах гэж сайхан юм ярьж болно. Гэхдээ байгаа нөхцөл байдлаа үргэлж татаастай хуримтлуулахын эсрэг бодлого барих нь зөв үү. Үүнийг ард түмэнд зөв ойлгуулах хэрэгтэй" гэв.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр "Жилд шаардаж байгаа мөнгөн дүн бол одоогоор 5.4 тэрбум төгрөг. Цаашдаа энэ дүн нэмэгдэнэ. Хуулийн нөхцөл байдлыг ашиглах хүмүүсийн тоо нэмэгдвэл мөнгөн дүн мөн нэмэгдэнэ. 2022 онд улсын төсвөөс төлөх татаас нь 459.8 тэрбум төгрөг. Таван жилийг долоон жил болгосноор ахмадуудын тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр дунджаар 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Төсвийн зардал 120 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн тооцоолол байна" гэв.