Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Дэлхийн аварга М.Анхцэцэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Анхцэцэг, түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр нартай утсаар холбогдсон байна.
Ерөнхийлөгч хэлэхдээ, "М.Анхцэцэгтээ баяр хүргэе. Монголынхоо ард түмнийг баярлуулж, бахархуулж чадлаа. Монголынхоо нийт ард түмний өмнөөс баяр хүргэе. Багш, дасгалжуулагч, хамт яваа тамирчин, хүндийг өргөлтийн спортын хамт олонд нь баяр хүргэе. Эх орондоо сайн яваад хүрээрэй. Би ОХУ-д албан ёсны айлчлалаар явж байгаа юм. Айлчлал амжилттай болж өндөрлөөд, Монголынхоо Элчин сайдын яаман дээр ирээд байна. Ажлын айлчлалын бүрэлдэхүүнд яваа бүх хүмүүс маань мөн тамирчин, дасгалжуулагч хоёртоо баяр хүргэж байна. Амжилтаа ахиулж, олимпын аварга болохыг ерөөе. Монгол эмэгтэй хүний гайхалтай тэсвэр, тэвчээрийг дэлхийд харуулж чадсан охиноороо Монголын ард түмэн бахархаж байна" гэжээ.