Төрийн үйлчилгээний ажилтан болох цэцэрлэгийн үйлчлэгч, манаач, тогоочийг гэрээт ажилтан болгох буюу хувийн хэвшилд шилжүүлэх асуудал яригдсан. Уг асуудлыг эсэргүүцэж, арванхоёрдугаар сарын 7-нд СӨБҮЭ-ийн нэгдсэн хорооноос засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Тэдний зүгээс Төв талбайд арванхоёрдугаар сарын 21-нд эсэргүүцлийн жагсаал хийхээ мэдэгдэж, УИХ-д хүргүүлсэн шаардлагын хариугаа авахыг хүсэв.
Сургуулийн өмнөх боловсролын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Д.САРАНЦЭЦЭГ "Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн холбооноос Засгийн газар, УИХ, БШУЯ, Сангийн яам, ХНХЯ-нд шаардлага бичиг хүргүүлсэн боловч өдийг хүртэл хариу ирээгүй. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэ ажлыг үр дүнд хүргэх түр хороо байгуулж, тэмцлээ үргэлжлүүлнэ.Тус асуудлаас үүдэн хүүхдийн эрх зөрчигдөхөд хүрч байна. Хувийн хэвшилд төрийн үйлчилгээний ажлыг шилжүүллээ гэхэд ашгийн төлөө байгууллага учраас хүүхдийн аюулгүй орчинд байлгах үйл ажиллагаа алдагдана. Жишээлбэл, нэг ангийн цэвэрлэгээний зардал 5000 төгрөг гэж бодоход хувийн хэвшил ашгаа бодож, 3000 мянгаар хийх эрсдэл үүснэ. Мөн тогооч нарын хувьд чанартай, тэжээллэг хоол хүнс хийж өгч чадах уу. Төрийн өмчит үйлдвэрийн газар нэртэй дөрвөн байгууллага та бидний хүүхдийн хоолыг цэцэрлэгүүдэд нийлүүлдэг ч нэг ч хүнс үйлдвэрлэдэггүй. Хүүхдийн хоол өдрийн 1650 төгрөг гэж бодоход өнөөдөр 1200 орчим төгрөгөөр хооллож байна. Бид эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал хийхээр холбогдох албаныханд хүргүүлсэн. Бид тэмцлээ улам эрчимжүүлнэ" гэлээ.