Ардчилсан намаас Үндэсний анхдугаар чуулган болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр М.Тулгат дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр " Өнөөдөр иргэд хувийн хэвшил хүнд байдалд байгааг бүгд мэдэж байгаа. Сүүлйин 10 жилд нэг хүнд ногдох ДНБ 4000 доллар дотроо эргэлдэж байна.
10 жилийн туршид эдийн засаг тэлсэнгүй. Гэтэл энэ 10 жилийн хугацаанд улсын нэгдсэн төсөв тав дахин нэмэгдсэн байна. Үндсэндээ 30 жилийн хугацаанд өнөөдөр хувийн сектороо хавчиж төр улам данхайлаа. Хувийн бизнес эрхлэгчид туйлын хүнд байдалд орсон. Дунд шатны хурган дарга нараас болж хил гааль нээгдэх нь хойшиллоо. Бизнес эрхлэгчид үстэй толгойгоо зулгааж байна. Өнөөдөр Монголд хэн сайхан амьдарч байна вэ гэвэл төсвийн байгууллагын төрийн албан хаагчид, төрийн өмчит үйлдвэрийн газрын албан хаагчид, төрөөс тендэр авдаг хүмүүс. Бусад нь туйлдаж байна.
Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого гэж хол алсын гоё үлгэр харуулаад явж байна. Хачир дээрээ иргэд туйлдаж байна. Нөхцөл байдал ийм байхад АН нэгдэх хэрэгтэй. Улс эх орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүнд байгаа энэ үед Ардчилсан нам нэгдэн нийлэхээс өөр арга алга. Бидний дунд маргаан үл ойлголцол байгаа. Гэсэн ч одоо чанарын хувьд нэгдэх яриа хэлцэл хийж, Улсын Дээд шүүхэд хандсан байгаа асуудалд шүүхээс гаргасан шийдвэрийг хоёр тал аль, аль нь хүлээн зөвшөөрнө гэсэн ойлголцолд хүрсэн. Улсын Дээд шүүх асуудлыг шударгаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэж найдаж байна” гэв.