Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэхүү хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах дараах харилцааг зохицуулахаар тусгасан. Үүнд:
1. Монгол Улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар кибер аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх;
2. Кибер орчинд дундын мэдээллийн систем боловсруулах, хадгалах, түгээх, цахим тооцооллын үйлчилгээ эрхэлж буй болон тэдгээрт мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн эрх, үүргийг тодорхойлох;
3.Кибер аюулгүй байдал алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулж болох мэдээллийн систем, мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагыг “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага” гэж тодорхойлон, тэдгээр байгууллагын аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг тодорхойлох;
4. Кибер аюулгүй байдал алдагдаж болох аюул занал, тохиолдох магадлал, эмзэг байдлын түвшнийг тогтоох, түүнээс үүсэх үр дагавар, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх механизмыг бий болгох;
5.Кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх, харилцан туслах чиг үүрэгтэй кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвийн үйл ажиллагааг хуульчлах;
6.Төрийн байгууллага хооронд, төр-хувийн хэвшил /иргэд/ кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх талаар тогтмол мэдээ, мэдээлэл солилцож байх асуудлыг зохицуулах;
7.Кибер аюулгүй байдлыг хангах асуудлаар олон улсын байгууллага болон гадаад улс, орнуудтай хамтран ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг зохицуулах.
Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 4.1-т зааснаас гадна мэргэжлийн нэгдмэл удирдлагатай байх, шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологи, инновацад тулгуурласан байх, үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүний нөөцийн чадавхыг дэмжих, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлах, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах зарчмуудыг баримтлахаар хуулийн төсөлд тусгажээ.