Төмөр зам тойрсон авилга, хээл хахууль нэг вагон тавиулахад захиалгын шагийн үнэ 500 сая төгрөгт хүрсэн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт чуулганы хуралдааны үеэр олны өмнө хэлсэн. Энэхүү авлигын асуудалд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УБТЗ-д ажилладаг түүний эхнэр Ц.Ганзул, Л.Халтар сайдтай хамтран "Монгол Чихэр корпораци" ХХК-ийг эзэмшдэг "Илинк экспресс" тээвэр зуучийн компанийн захирал И.Шатархүү, түүний хүү Х.Нямдорж нарын оролцоо байж болзошгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байв.
Тээвэр зуучдын нэгдэл гэх "Үндэсний тээврийн корпораци" ХХК Эрээн Замын-Үүдийн боомтоор өдөрт нэвтрүүлэхээр төлөвлөж буй гэх 50 ширхэг чингэлэг бүрээс 220,000 төгрөг буюу өдөрт 11 сая, сард 300 сая төгрөгийг тээвэр хийлгүйгээр сул авах юм.
Дээр дурдсанчлан "Монгол Чихэр корпораци" ХХК-ийг Л.Халтар сайдын хамт эзэмшдэг "Илинк экспресс" тээвэр зуучийн компанийн захирал И.Шатархүү нь "Үндэсний тээврийн корпораци" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр мөн ажилладаг юм.
ЗТХ-ийн сайд Л.Халтар нь "Монгол Чихэр корпораци" ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг бөгөөд тус компанийг хамтран эзэмшигч И.Шатархүү Эрээн Замын-Үүдийн боомтын чингэлэг тээврийн үйл ажиллагааг "базаж" байгаа компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа нь ашиг, сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй гэх хардлага төрүүлж байгаа юм.