-Эрх баригч намын нэгдмэл бодлого болон Ажлын хэсгийнхний улс төрийн эр зоригийг “ашиглах” цаг ирээд байна-
“Рио Тинто” зэсийн группийн захирал Б.Болд, “Туркойз Хилл Ресурс” компаний захирал Стийв Тибоу нараас 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан захидал ирүүлсэн. Энэ захидлаас “...бүх түншлэгч талын эрх ашгийг хангах талаар эрмэлзэн ажиллаж ирсэн боловч сэтгэл гонсойлгосон нөхцөл байдал үүссэнийг бид хүлээн зөвшөөрч байна. Оюутолгойн эдийн засгийн ач холбогдол, уг төслөөс улсын төсвийн орлогод оруулдаг хувь нэмрийг харгалзан үзэж энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд хүнд тусаж байгааг бид мэдэрч байна. Энэ бүхэн бидний харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа явдалд бид хүлцэл өчиж байна” гэсэн үг, өгүүлбэрүүд үнэхээр “сэтгэл хөдөлгөдөг”.
Ийм захидал хүлээн автал Засгийн газраас томилогдсон Ажлын хэсэг ажилласан, ажиллаж буйд гүнээ талархаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ажлын хэсгийг ахалж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, дэд сайд Б.Солонго нарын чадварлаг багийнхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нарын улс төрийн эр зориг, эх оронч хичээл зүтгэл, мэдлэг боловсрол, туршлага нь Оюутолгойг нийт ард иргэдэд хүртээмжтэй байлгах, төслийн үр ашгийг нэмэгдүүлэх, асар их зардлын хэтрэлтэд баялгийн эзэн монголчууд хяналт тавьдаг болгохын төлөө ажиллаж байна. Тэднийг Монголын төр, Монголын ард түмэн “зүтгүүр” мэт дэмжин, саадгүй ажиллуулах, эвгүйгээр хэлэхэд “ашиглах” нь нийтийн эрх ашигт тустай нь харагдаж байна.
Үнэнийг хэлэхэд өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулагч тал дэлхийн шилдэг мэргэжилтнүүд, томоохон бизнесмэнүүдээр “зэвсэглэн” ажиллаж үүндээ асар их зардал гаргаж буйг харахад үүнийгээ төслийн үр ашгийг нэмэгдүүлэхэд ашиглаасай гэж бодохгүй байх аргагүй. Мөн ёс зүйгүй авирлал, хэн нэгэн албан тушаалтнаа өмгөөлөх, тэнцвэртэй мэдээллээр хангах, хяналт тавих боломж олгох тал дээр тийм ч амаргүй нөхцөлд Ажлын хэсэг ажиллаж байна. УИХ-аас томилсон Түр хорооны гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын шүүмжлэлтэй ханддаг гишүүд ч авлигатай холбоотой асуудал бий шүү гэдэг байр суурин дээрээ хэвээрээ буй.
“Рио Тинто”-ийн удирдлагад ажиллаж буй Б.Болд, Х.Амаржаргал нар ч үүрэгт ажлаа сайн гүйцэтгэхийн зэрэгцээ монгол хүнийхээ хувьд энэ гэрээг хоёр талд харилцан ашигтай, үр өгөөжтэй байлгахын тулд хичээл зүтгэл гаргаж буйг нэгдмэл зөв ойлголттойгоор дэмжих учиртай бөгөөд өнөөдрийг хүртэл гаргаад байгаа ахиц дэвшлийг ч чамлахын аргагүй гэдгийг сануулах нь зүйтэй биз ээ. .
Ерөнхий сайдад илгээсэн захидалд “Танай Засгийн газар болон УИХ-ын зүгээс тавьсан зорилттой нийцэхүйц шийдэлтэй саналыг Танд тавихыг хүсэв” гээд юуны өмнө “Гүний уурхайн үйлдвэрлэл хойшилсон нь цар тахлын хүндрэлийн эгзэгтэй үед улсын төсвийн орлогод сөрөг нөлөө үзүүлсэн. Үүнтэй холбогдуулан ирэх гурван жилийн хугацаанд 1 их наяд төгрөгийг улсын төсөвт нэмэлт орлого болгон оруулах саналтай байна” гээд “Энэхүү шийдэл нь Оюутолгойгоос одоогоор төлж буй татвар, АМНАТ, бусад төлбөр, хураамж дээр нэмэгдэх орлогын эх үүсвэр бий болгох боломжтой. Уг нэмэлт орлого нь нийгэм, эдийн засгийн чухал төслүүдийг хэрэгжүүлж, ковидын хямралын нөлөөнөөс ангижрах, улс орны тулгамдсан асуудлаа шийдэхэд дэмжлэг болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Гэтэл ажлын хэсэг дээр энэ өгөх гээд байгаа 1 их наяд буюу 350 сая ам.долларыг “ногдол ашгийн урьдчилгаа” өгье гэж яриад байдаг. Ногдол ашиг хуваарилаагүй байж ногдол ашгийн урьдчилгаа өгч буй нь “хачирхалтай”.
Нөгөөтэйгүүр гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгах зорилгоор 1.4 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийн тулд “Оюутолгой” компанийн ТУЗ төсвийн нэмэгдлийг батлах асуудлыг тавиад байгаа юм. Энэ тун эгзэгтэй. Энэ хөрөнгө оруулалтыг таатай хүлээж авах гэхээр тэр зардлыг Монгол Улсад ирээдүйд төлөх татварааснь суутгах боломжтой. Гэтэл Хөрөнгө оруулалтын гэрээнд суутгах хугацааг маш богиноор буюу 10 жилээр тохирчихсон байдаг. Тэгэхээр Монголын талд хохиролтой. Бусад орны жишгээс харахад уурхайн ашиглалтын туршид элэгдэл хорогдлын гэрээ байгуулаад татвар ногдох орлогоосоо хасч тооцож болно гэж гэрээ хийсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гүний уурхай 30 жил ажиллах боломжтой байхад хөрөнгө оруулалтын гэрээнд 10 жил гээд заачихсан учраас энүүхэн хугацаацаанд “өрмийг хамаад”, татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулж “Богино хугацаанд ашгаа олоод гарсан Бороо гоулдын түүх” давтагдах юм биш үү гэсэн “хар төрөөд” байгаа юм.
Тэгэхээр тэдний тавьсан 1.4 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтын тухайд шийдвэр гаргахад сануулга болох болов уу гэсэндээ найман жилийн өмнөх, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Ц.Сэдванчигийн тухайн үеийн Засгийн газрын нэрийн өмнөөс “Рио Тинто”-д явуулж байсан захианыхаа тухай яриулж нийтэлсэн юм. Учир нь тэр захидалд дурдсан зургаан зүйл асуудлаар өнгөрсөн найман жилийн хугацаанд огт шийдэгдээгүй.
Захидалд ямар асуудлуудыг тавьсаныг уг захидлаас харна уу.
Ийм захидлыг Оюутолгой компанийн ТУЗ, тухайн үеийн Уул уурхайн сайд, Ерөнхий сайд нар удтал хэлэлцэн боловсруулж “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг хөрөнгө оруулагч талд илгээсэн байдаг.
Өнөөдөр хэлэлцээд байгаа өнөөх л ТЭЗҮ-д заасан 5.1 тэрбум ам.долларын зардал хэтэрсэн байдал, “Монгол Улс 24 тэрбум ам.долларын өрөнд унаж магадгүй” гэсэн болгоомжлол, Монголын талын өгөөжбодит байдал дээр ямар байгаа, Монгол ажилчдын оролцоо, эрх ашиг, байгаль орчны нөлөөлөл, эрчим хүч, усны нөөцийн асуудал энэ бүхнийг хөндөж байжээ. Найман жилийн дараа нөхцөл байдал яг л хэвээрээ.
Гэхдээ өнөөдөр хэн уг асуудлыг тавьж байна вэ? Ямар ахиц, үр дүнд хүрээд байна вэ? Хөрөнгө оруулагч тал болон манай талын нөхцөл байдал гэхчлэн харьцуулж үзэх тал олон бий. Тухайн үед хөрөнгө оруулагчид анхнаасаа л зээлийн асуудлыг дангаараа буюу Оюутолгой компанийн ТУЗ-ийн саналын авахгүйгээр Лондонд шийдээд, зээлдэгчидтэй их хэмжээний хэлцэл хийчихээд ирсэннь Монгол Улсын тодорхой хууль, тогтоомжуудыг зөрчсөн учраас манай тал 2012 оны 12 дугаар сард “Эрдэнэс Оюутолгой” компанийн төлөөлөл Лондонд очиж зээлдүүлэгчидтэй хийсэн уулзалт дээр нь Монгол Улсын хууль, талуудын гэрээг зөрчсөн зээлийн нөхцөл ярьж байна шүү” гэсэн байр сууриа илэрхийлсэн ч хөрөнгө оруулагчид тоож байгаагүйг “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Ц.Сэдванчиг ярилаа.
Харин өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн. Улс төрийн нөхцөл байдлын хувьд ч эрх баригч МАН айхавтар саналын зөрүү гаргахгүйгээр хөгжил дэвшил, улс орны эрх ашгийн үүднээс шийдвэр гаргах бүрэн эрх мэдэлтэй байна. Жишээ нь дээр дурдсан “1 их наяд төгрөгийн санал”-ыг хүлээж авах, авахгүйн цаана тэрхүү захидалд бичсэн Монгол Улсын Засгийн газраас анх удаа уучлал гуйх өнгө аяс, Ажлын хэсэгтэй ойлголцох, буулт хийх гарцыг эрэлхийлж байгаа нь авууштай, яриа хэлэлцээний эхний ахиц мөн. Энэ 350 сая ам.доллар буюу 1 их наяд төгрөг бол манай тал өнгөрсөн наймдугаар сард Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гараад хөрөнгө оруулагч талаас тайлбар авах хүсэлт тавьснаас хойш гурван долоо хоногийн дараа гарч ирсэн “өгөөмөр санал” буюу өгөөш байж болох юм.
Цаг хугацаа, үйл явдлын дарааллаар бол тэгж таарч байна.
Асуудлын гол нь “гуйх, гуйлгахдаа” огт биш. Оюутолгой төсөл, гүний уурхайн ажил удааширч гацах тусам Монголд хэрэгжиж байгаа бусад төслүүд, хөрөнгө оруулалтууд “царцаад” байгааг бүгд харж байна.
Тиймээс 2021 онд учирсан гацаа саад бүхнээ хурдан давж, цаг алдалгүй харилцан ашигтай, хамгийн гол нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж Оюутолгой төслийн үр ашгийг нэмэгдүүлэхийн төлөө зарчимтай ажиллаж 2022 оныг угтаасай гэж хэлэлцээрт орж буй Монголын талын төлөөлөлд найдаж хүсч байна.
Нийтлэлч: У.Оргилмаа