УИХ-ын гишүүн Н.Учрал "Жагсаал, цуглаан хийх журмын тухай" хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа аж. Тэрбээр "Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна. Ардчилсан нийгмийн хамгийн чухал үнэт зүйлийн нэг болох үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсах, цуглах, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө өнөөдөр хэрхэн хэрэгжиж байна вэ. Өнөөгийн хуулиар тухайн нутаг дэвсгэрийн засаг дарга тодорхой үндэслэл байвал жагсаал, цуглааныг бүртгэхгүй байх эрхтэй. Өөрөөр хэлбэл, замын түгжрэл үүсгэнэ гэдэг шалтгаанаар ч иргэдийн жагсах, цуглах эрхийг хааж боодог явдал түгээмэл байна.
Энэ бүхний үр дүн нь цагдаа, иргэдийн хооронд үл ойлголцол үүсч, ажил үүрэг, хууль журмаа биелүүлснээрээ цагдаа, хүчний албан хаагчид төрөл бүрийн халдлага, дарамтад өртдөг байж болохгүй.
Жагсаал, цуглааныг бүртгэхгүй байж, эс үйлдлээр зөвшөөрөл өгөхгүй байх явдал бол Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг хаан боомилж буй үйлдэл юм. Өнөөдөр "Хүний эрхийн үндэсний чуулган"-д оролцож энэ талаар илтгэл хэлэлцүүллээ.
Монгол Улс Ардчиллын индексээрээ “Гажуудсан ардчилалтай орнуудын” тоонд өнөөдрийг хүртэл багтсаар байна. Манай улс ардчилсан улс болохын хувьд хүний эрхийг дээдлэн, сонгосон хэлбэрээрээ төр засагт дуу хоолойгоо хүргэх боломжийг иргэн бүрт нээлттэй хэвээр хадгалах ёстой" гэлээ.