Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого үргэлжилж байна. Галт зэвсгийн тооллого нь энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд заасан хугацаанд галт зэвсгээ тооллого, бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.
Энэ талаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Гүррагчаа "Монгол Улсын галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны галт зэвсгийн тооллого явуулах журмын дагуу иргэдийн галт зэвсгийг тоолох ажил арга хэмжээг цагдаагийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг. Галт зэвсгийн тооллого орон нутагт 69, нийслэлд 71 хувьтай буюу улсын хэмжээнд 70 орчим хувьтай үргэлжилж байна" гэв.