Цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр болоод буй. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын амралт 12 дугаар сарын 18-наас эхлэх аж. Түүнчлэн нийслэлийн сургуулиуд сүүлийн долоо хоног буюу 12 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд 100 хувь цахимаар хичээллэхээр болсон байна.
БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон "Хоёр жилийн хугацаанд багагүй сурагчдын дунд хичээлийн агуулгын хоцрогдол үүссэн. Сурагчдын хичээлийн хоцрогдлыг гурван жилийн хугацаанд арилгах төлөвлөгөөг өнгөрөгч тавдугаар сард баталсан. Ес, аравдугаар саруудад сурагчдыг ямар хичээлийн агуулгаар хоцрогдолтой байна вэ гэдэгт оношлогоо хийсэн. Нэгдүгээр сарын 31-нд хоёрдугаар улиралын хичээл эхлэх ёстой. Цагаан сарын амралт дуусгаад хоёрдугаар сарын 7-нд хичээл эхлэх болов уу гэсэн төлөвтэй байгаа.
БШУЯ-наас аймаг, нийслэлийн Боловсролын газруудад амралтын хугацаанд сурагчдыг амрааж, ном уншуулахад анхаарах чиглэл өгч байгаа. Ялангуяа бага ангид улирлын амралтаар маш олон хуудас хуулан бичлэг, цээж бичиг хийх даалгавар өгчихдөг. Үүний улмаас хүүхдүүд ч амарч чадалгүй, хичээл эхлэхэд сурах сонирхолгүй орж ирдэг. Тиймээс сурагчдаа амрааж, цахимаас холдуулж, номтой нөхөрлүүлье гэх чиглэлийг өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, суралцагчдын зургаан долоо хоногийн амралтын хугацаанд ямар ч хичээл орохгүй, сурагчдыг амраана" гэв.