Вакцинжуулалтын цэг, төлөвлөлт, нөхцөл байдлын талаар НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа.
-Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэл, зорилтын хүрээнд шат дараатай авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй юу. Сүүлд дархлаажуулалтын цэгийг нэмэгдүүлсэн гэх мэдээлэл гарсан?
-Өнгөрсөн даваа гаригаас эхлэн 171 хороонд дархлаажуулалтын цэгүүд нээгдсэн. Улаанбаатар хот нийт 171 хороотой. Өөрөөр хэлбэл, хороо бүр дээр дархлаажуулалтын цэгүүд нээгдсэн гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 15 зах худалдааны төвүүдэд цэг гарч ажиллаж байна.
-Оюутны вакцинжуулалт эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар хэчнээн сургуульд дархлаажуулалтын цэг ажиллаж байна. Оюутнуудын идэвх хэр байна вэ?
БШУЯ-наас нийт 75 их, дээд сургуульд вакцинжуулалтын цэг гаргах хүсэлтийг хүргүүлсэн боловч зарим сургуулиуд хийлгэх талаар албажсан хариу өгөөгүй.
Тиймээс өнөөдрийн байдлаар 68 орчим их, дээд сургуульд дархлаажуулалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа. Гэхдээ их, дээд сургуулийн оюутнуудын вакцинд хамрагдалтын идэвх сул хэвээр байна. Энэхүү дархлаажуулалтыг 11 дүгээр сарын 29-нөөс 12 сарын 1 хүртэлх гурав хоногт хийхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрөөр дуусгавар болж байна. Харин энэ хугацаанд 75 их, дээд сургуулийн оюутнуудыг дархлаажуулах чиглэлтэй явуулын 37 баг ажиллаж байна.
-Сүүлийн өдрүүдэд дархлаажуулалтын идэвх эрс сэргэж байгаа талаар албаныхан мэдээлсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Засгийн газраас гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг 50 хувьд хүргэхээр зорьж ажиллаж буй. Зорилтын хүрээнд авч буй шат дараатай арга хэмжээний хүрээнд дархлаажуулалтын идэвх сэргэж байгаа. Аравдугаар сараас халдвар авч эдгэрсэн иргэдэд нэмэлт тун хийж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан 18-аас дээш насны бүх иргэд гуравдугаар тундаа хамрагдах боломжтой болсон.
Өнгөрөгч 8,9 дүгээр саруудад өдөрт дунджаар 1-2 мянган хүн нэмэлт тунд хамрагдаж байсан бол одоогийн байдлаар өдөрт 6 мянга гаруй иргэн хамрагдаж байна. Вакцинжуулалтын цэгийг хороо бүр дээр нээж байгаа тул ард, иргэд маань дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн хаана ч явсан хажууд нь вакцинжуулалтын цэг байрлаж байна гэсэн үг шүү дээ.
Вакцин вирусийн халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх, өвдсөн бол хүндрэл, нас баралтаас хамгаалах ач холбогдолтой. Коронавируст халдварын шинэ мутаци хувилбарууд дэлхий нийтэд бүртгэгдэж байна. Тиймээс бүүстер тун идэвхтэй хамрагдахыг уриалж байна.