Монгол улсын хэмжээнд Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2020 оны эцсийн байдлаар 108399 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагаас 0-15 насны 10106 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд саадгүй оролцож, төрийн үйлчилгээ авах бүхий л боломжоор дэмжиж ажиллах нь аж ахуй нэгжүүдийн нийгмийн хариуцлага юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-ын 8 дугаар зүйл “Мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх” талаар тус тус заасан.
Эдгээр баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг олон нийтэд хүргэх зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургуультай хамтран “Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгууллаа.
Сургалтад тус сургуулийн 9-р ангийн нийт 80 сурагч хамрагдаж сургалт хийгдэхийн өмнө ба дараа сурагчдаас хөгжлийн бэрхшээлийн талаар асуулга судалгаа авч судалгааг үндэслэн сурагчдад хөгжлийн бэрхшээл гэж юу болох мөн хөгжлийн бэрхшээлийн ангилал, шалтгаан, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх талаарх мэдлэгийг олгож харилцан ярилцах аргаар сургалтыг зохион байгууллаа.