Энэтхэгийн өмнөд хэсгийн Керала мужийн Коллам хотод 25 настай эмэгтэй могойд хазуулан амиа алджээ. Гэтэл энэ нь санамсаргүй тохиолдол биш бөгөөд түүний нөхрийн санаатай үйлдэл байсныг шүүх тогтоосон байна.
Утрагийн ээж зүүн гар нь цусанд будагдсан охиноо гэрийнхээ орон дээр хөдөлгөөнгүй хэвтэж байхыг олж харжээ. Ар гэрийнхэн нь түүнийг эмнэлэгт хүргэсэн ч бүсгүй аль хэдийн нас барсан байсан аж.
Цогцсыг задлан шинжилсний дараа түүнийг маш хортой Энэтхэгийн кобрад хазуулсан болохыг шүүхийн баримт бичгүүд баталжээ. Гэсэн хэдий ч шүүх хурлын дараа Утрагийн нөхрийг эл үйлдлийг санаатайгаар үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцож, шүүхээс түүнийг бүх насаар нь хорих ял оноосон байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтэн эхнэрээ хөнөөхдөө кобра могой ашигласан нь энэ байжээ. Сураж Кумар, Утра нар танилцах үйлчилгээгээр танилцан 2018 онд гэрлэсэн аж.
Хосууд гэрлэх үед Кумар 720 грамм алт, Сузуки седан, 500,000 рупи (ойролцоогоор 6700 ам. доллар) бэлнээр инжинд авчээ. Гэтэл эцэст нь тэрбээр ийнхүү хөрөнгөний төлөө эхнэрийнхээ амийг хөнөөсөн байна.
Утрагийн ах Вишу хэлэхдээ "Бид түүнийг аз жаргалтай болгох хэн нэгнийг олохыг хүссэн юм. Дүү минь төрөлхийн согогтой учир түүнд анхаарал халамж тавьж чадах эрийг л хайж байсан" гэжээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу Кумар санхүүгийн ашиг олох зорилгоор Утратай гэрлэсэн болохыг тогтоожээ.
2019 оноос эхлэн Кумар могойн хорхойтон болж эхэлсэн бөгөөд үхлийн аюултай кобра могойг 10,000 рупи буюу 135 доллараар худалдаж авсан гэж прокурорууд мэдэгджээ. Маргааш нь тэр могойг байшингийнхаа шатан дээр орхиж, Утрагаас утсаа нэг давхрын унтлагын өрөөнөөс авчирч өгөхийг гуйж, аймшигт аллагын эхний оролдлогоо хийжээ.
"Гэхдээ Утра могойг хараад түгшүүрийн дуудлага өгсөн тул эхний оролдлого бүтэлгүйтсэн" гэж шүүхийн шийдвэрт дурджээ.
Энэ явдлаас хэд хоногийн дараа Кумар Утрад унтуулах эм хольсон Энэтхэг цагаан будааны амттан өгсөн бөгөөд түүнийг унтсаны дараа хорт могойг орон дотор нь хийснээр эхнэрээ егүүтгэсэн байна.
Эх сурвалж: CNN