Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн талаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Э.Батшагар "Бусад улсад энэ төрлийн хөрөнгийг бүрэн төгс зохицуулсан хууль байхгүй юм билээ. Зарим улсад бүр хориглосон тохиолдлууд ч бий. Гэхдээ виртуаль хөрөнгийг төлбөрийн хэрэгсэл, үнэт цаасны аль нь болохыг тодорхой заасан байна. Тэгэхээр манай улсын хуульд бид аль талаа барьж хууль боловсруулсан бэ. Виртуаль хөрөнгө нь төлбөрийн хэрэгсэл үү, үнэт цаас уу" гэж асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал "Үндэсний бүртгэлийн системийн хууль, үнэт цаасны хуулиар энэ харилцааг зохицуулж байгаа. Виртуаль хөрөнгө нь төлбөрийн хэрэгсэл биш. Үнэт цаас ч биш. Нэр томъёоны тодорхойлолтод виртуаль хөрөнгө нь аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр эсвэл Монголбанкны зөвшөөрлөөр цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн эсвэл хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгө юм. Үнэт цаас, төлбөрийн хэрэгслийн аль аль нь биш" гэв.