Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Батух: Би дууны үгээ харь гарагийн юм шиг л бичихийг хүсдэг

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага Ubn story
Огноо
Унших
14 минут 33 секунд

Түрүү жилийн намрын орой чи надад

Талархсан гэдгээ хэлээд замхран одсон

Навчсаар уйлаад нүцгэрч буй модны дэргэд

Навч хүрэхгүй үгтэй ил захидлаар...

Бүдэгхэн гэрэлд чимээгүй сууж

Буйдан дэр дээрээс чамайг л төсөөлж.. хэмээх нууцлаг, сонин содон, ая аялгуу, үгтэй уран бүтээл туурвидаг дуучин Батухыг энэ удаагийн Ubn story буландаа урьж оролцууллаа. Найз, Од, Мод, Модод, Бороо гэх мэт олон уран бүтээлийг сонсогчиддоо хүргэсэн түүний хувь хүний чөлөөт бүсээр аялахдаа уншигч таныг уйдахгүй гэдэгт итгэлтэй байна.

-Сайн байна уу. Уран бүтээлд хөл тавьсан тэр цаг хугацаанаас яриагаа эхлэе гэж бодож байна?

-Анх уран бүтээлд хөл тавьсан гэвэл 2012 он санагдаж байна. Ер нь урлагт 10-н жилийн 7,8 дугаар ангиасаа эхлэн оролцож эхэлсэн гэж болно доо. Урлаг өөрөө их сонирхолтой шүү дээ.

-Урлагтай хар багаасаа нөхөрлөсөн гэж хэлж болох юм байна. Одоо уран бүтээлийн хажуугаар юу хийж байна вэ?

-Юуны түрүүнд уран бүтээлээ нэгдүгээрт тавьж байгаа. 2015 оноос хойш бараг дуу хийгээгүй завсардсан. 2021 оноос буцаж уран бүтээлээ хийж эхлээд Од гээд дуугаа гаргасан. Уран бүтээлийн хажуугаар багшилдаг шүү дээ.

-Сонирхолтой юм. Юуны багш хийдэг вэ?

-Хөгжмийн багш.

-Багш гэхээр хүүхдүүдтэй ажиллана. Хүүхдүүдтэй ажиллах ер нь ямар санагдаж байна?

-Хүүхдүүдтэй ажиллах их сонирхолтой. Гэгээн хүсэл мөрөөдлийг нь бүтээлцэнэ гэдэг цаанаа л нэг өөр хэрэг. Үргэлж инээд хөөр, аз жаргал, хүсэл мөрөөдлөөр бялхаж явдаг ажил юм даа.

-Батух багшийн уран бүтээлүүдийг шавь нар нь хэр сонсож байна. Таны уран бүтээлийн талаар шавь нар нь мэдэж байна уу?

-Ер нь манай хүүхдүүд гэлтгүй бүгд л сонсдог байх аа. Зарим шавь нар маань ковер дуу хүртэл гаргасан байна билээ. Хүүхдүүд гадуур хаана ч явсан амандаа аялаад л явж байх шиг байдаг. Яг царайгаа нэг их гаргадаггүй болохоор намайг сайн танихгүй байх шиг байдаг. Тэр нь ч надад их таалагддаг шүү. /инээв/

-Таны дуунууд хэв маягийн хувьд, жанрын хувьд, мөн үгийн хувьд их ондоо байдаг. Энэ яг юутай холбоотой вэ?

-Би бусдаас нэг их ондоо байх гэж хичээдэггүй. Хүсдэггүй ч гэх юм уу даа. Зүгээр л өөрийнхөө тухайн үеийн vibe, мэдрэмж, дотоод сэтгэл хөдлөл энэ бүгдийг л дуундаа шингээж, хүмүүст хүргэхийг боддог. Хүмүүст хүргэе ч гэж боддоггүй. Өөрийнхөө дуртай юмаа хийж байгаа царай нь л энэ. Миний чаддаг, бас мөрөөддөг зүйл л энэ шүү дээ.

Хүмүүс асуудаг л даа. Уран бүтээл чинь арай л өөр байгаад байна аа. Хип хоп ч биш, поп ч биш чиний жанр чинь ямар жанр юм бэ, гэж надаас асуудаг.

Харин би өөрөө одоо болтол хариулж чаддаггүй юм. Зарим нь “Батух стайл” гэж тодорхойлох нь ч бий.

Би өөрөө ч тодорхойлж чадахгүй л байна. Ёстой л “Батух стайл” гэдэг нь байх.

-Мод, Од, Найз гэх мэт таны дуунуудын үг их анхаарал татдаг. Үгээ өөрөө бичиж байна уу. Яагаад өөр санагдуулдаг юм бол?

-Дууныхаа үг ая хөгжим найруулга бүх зүйлийг өөрөө гардаж хийнэ. Сонсогчдод хүргэх хүртэл өөрөө 100 хувь гардаж хийдэг. Харин клип хийхдээ бусдаас туслалцаа авдаг.

Үгийн хувьд хийсвэр сэтгэлгээ л дээ. Хайрын тухай дууг бараг бүгд хүн бичиж чадна.

Миний хувьд үг ая хоёр хоорондоо төгс наалдах ёстой гэж боддог.

Би дуугаа, дууныхаа үгийг зүгээр л хайрын тухай бичдэггүй заавал нэг юмтай дүйцүүлж, харьцуулсан философи агуулгатай бичдэг гэж хэлж болно.

"Дууныхаа үгийг би харь гарагийн юм шиг л бичихийг хүсдэг. Үүнийгээ жинхэнэ хүсдэг гэж хэлж болно. Байдаггүй сэдвийг хөнддөг"

-Мод гээд дууг хүмүүс сүнсний тухай дуу юм уу. Хайрын тухай дуу юм уу гэж их ярилцдаг юм билээ?

-Хүмүүс эхлээд ямар муухай сонин үгтэй дуу вэ, сүнс мүнс, сохор мохор, дүүжилж үхлээ мүхлээ, гэх мэт сүнсний тухай дуу гэдэг юм. Угтаа хайрын тухай дуу л даа. Дууны үгийг би харь гарагийн юм шиг л бичихийг хүсдэг. Үүнийгээ жинхэнэ хүсдэг гэж хэлж болно. Харь гарагийн юм шиг, байдаггүй сэдвийг хөнддөг. Хайрыг юутай зүйрлэж болох уу. “Мод” бол сүнсний тухай дуу, энэ бол хайрын тухай дуу. Сүнсний тухай дуу биш мөртлөө хайрын тухай дуу. “Од” гээд хамгийн сүүлд гарсан дуу бол хайрын тухай дуу мөртлөө яг гүн утга санаа нь, цаад илэрхийлээд байгаа философи нь миний мөрөөдлийн тухай.

-Мөрөөдөл гэхээр таны мөрөөдөл яг юу вэ?

-Мөрөөдөл үү, би урлагт хайртай юм чинь урлагаараа хүмүүст, гоё сайн сайхан мэдрэмжийг өгөх, баяр баясалтай үед нь хамт байж, ганцаардсан үед нь хань болох vibe мэдрэмжийг өгөхийг л мөрөөддөг дөө.

-Уран бүтээлээс тань ганцаардал хоосрол их мэдрэгддэг. Та хувь хүний хувьд их “эмо” хүн үү. Ер нь хэр эмордог вэ?

-Хүн болгон эмордог байх л даа. Би ихэнх цагаа уран бүтээл хийхэд зарцуулдаг учраас тэрийгээ дагаад эморох л байлгүй дээ. 24 цагийн 7,8 цагт нь дууны ертөнцдөө ордог учраас мөн эмо дуу хийвэл дагаад л эморно. Дуу хийхгүй, уран бүтээл хийхгүй бол нэг их эморохгүй. Арван жилдээ байхдаа нэлээд л эмордог байсан. Хаяад л, хаягдаад л. Гэхдээ нэг их хаяж үзээгүй л дээ. /инээв/

Одоо бол амьдралаа зохиосон, амьдрал тэгширсэн учраас юм л бол эмороод байна гэж байхгүй.

"Од дуугаа хийж байхдаа би жинхэнэ өөр таашаал, мэдрэмж авсан"

-Уран бүтээл хийж байхдаа, сонсож мэдэрч байхдаа ямар таашаал мэдрэмж авдаг вэ?

-Бусад уран бүтээлийг сонсоод авч байгаа мэдрэмжийг би л мэдэрнэ үү гэхээс одоо ингэж ярихаар яг ойлгогдохгүй байх. Харин сүүлд уран бүтээл хийж байхдаа би яг ямар мэдрэмж авдаг бол гэж бодож үзсэн. Саяхан "Од” дуугаа хийж байхдаа жинхэнэ таашаал авсан. Хэзээ ч авч үзээгүй тэр мэдрэмжээ гэх юм уу даа. Юмыг 100 хувь гэж төсөөлдөг бол 200 болгоод тэрнээс ч гэсэн хэтэрмээр тийм мэдрэмж авч байлаа. Үгээ бичээд аяаа оруулж байх даа “Ёо ямар гоё эхэлж байна аа гээд л ” Буйдан дэрлээд чимээгүй сууж... гэж эхний мөрийг биччихээд л ингэж таашаал авч үзээгүй юм байна" гэж өөртөө бодогдтол таашаал авсан гэх үү дээ. Яг тийм ийм гээд тодорхойлчихож болдоггүй юм байна аа.

-Дууныхаа санааг хэрхэн олдог вэ. Нэрний хувьд ч гэсэн их товчхон сонирхолтой байдаг. Жишээ нь Найз, Мод, Од, Модод, гэх мэт. Энэ нь хувь уран бүтээлчийн онцлог уу?

-Их сайхан асуулт байна. Сүүлд "Манайд нэг удаа" уран сайхны киноны “Модод” гээд дууг Үжинтэй хамт дууллаа. Дууны нэрнүүдийг би сүүлд нь бодож олсон байдаг. Агуулгын өргөн цар хүрээтэй хэрнээ маш товчхон нэр. Хүн болон байгаль дэлхий яг л тийм том агуулгыг, том нууцыг агуулж байдаг. Энэ л миний онцлог. Юмсын цаад философийг ойлгох л их чухал. Би яриад өгчихвөл онцгүй. Чи гэхэд л юмсын цаад гүн чанарыг ойлгодог мэдэрдэг болохоор надаас ингэж асууж байна. Бусад нь ч гэсэн өөрийнхөөрөө ойлгосон дээр.

-Философи гэснээс таны амьдралын философи ер нь юу вэ?

-Яг баримталдаг тийм тогтсон зүйл гэж бол байхгүй. Тухайн цаг үедээ хөл нийлүүлээд явдаг шүү дээ. Хөл гэснээс хөл хорионд орчихоод л хөл хорио дуусахаар машинтайгаа гарч явчихаад л байж байна. Өөрөө аав хүн учраас ирээдүйг л гэрэл гэгээтэй болгох хүсэлтэй. Миний философи бол энгийн. Худлаа хэлэхгүй хулгай хийхгүй байх л юм даа.

Түүний сүүлд гаргасан Модод дууны үгэнд

Хайр гэж юу вэ надад хэл
Надад хэлээд өг
Надад хэлээд өг....
Чамайг харах үедээ хүсдэг
Хүсэл чиний л дэргэд тэсдэг
Чамтай тааралдахдаа зүрхний минь өнгө
Чинийхтэй төстэй хэмээн бичсэн нь энгийн хэрнээ гүн агуулгыг агуулжээ. Жишээ нь хүн бүрийн мэддэг хайр гэж зүйлийг өөрөөсөө асуугаад үз дээ. Магадгүй хариулт олдохгүй байх

-Од дууны клип их өөр санагдсан. Одоо уран бүтээлээ туурвиж байгаа уран бүтээлчдээс өөрөөр бүтээсэн байсан?

-Анх өөрөө клипэндээ тоглоно гэж төлөвлөж байсан ч хатуу хөл хорио тогтсон. Гэртээ байх хугацаандаа график сонирхож судалсан. Өөрөө яг хийгээгүй ч гэсэн өөр нэг залуу "би хийе" гэж хэлээд хийсэн юм. Виртуал 2D,3D хэлбэрээр хийсэн дээ. Их хүч хөдөлмөр, хугацаа их орсон гэж хэлж болно. Дуунаас гадна үгнүүд нь их явж байна.

-Цаашдын зорилго, хийх гэж төлөвлөж байгаа зүйл юу байна вэ?

-Өөрийгөө арай өөр жанраар сорьж үзэх гэж байгаа. Аймшгийн киноны ost удахгүй хийгдэх байх. Олон жилийн мөрөөдөл байсан гэх үү дээ. Хүнд дарк хэлбэрийн жанраар юм хийж үзэх гэж байна.

"Од дуу бол миний мөрөөдлийн дуу, би хит болно гэж санаагүй"

-Таныг уран бүтээлээр тань хүмүүс маш сайн мэддэг хэрнээ танидаггүй шүү дээ. Таныг гадуур явж байхад хажуугаар тань таны дууг аялсан, сонссон хүмүүс өнгөрөөхөд ямар санагддаг вэ?

-Анхны дуунууд гарсны дараа микрон дотор сонсож байлаа. Хүмүүс дууг минь чангалаад л их сонин мэдрэмж. Биеэ бариад ичээд ч байх шиг санагдсан. Харин 2015 оноос дуу, уран бүтээл хийлгүй завсардаж байгаад 2021 онд Од-ыг гаргахдаа хит дуу болно гэж санаагүй. Мөрөөдлийн тухай дуугаа үр хүүхдэдээ үлдээе гэж бодсон юм. Хүмүүс намайг мартчихсан байх гэж бодсон л доо. Яг зуны үеэр Хөвсгөлд аялаад явж байхад ёстой битүү эгшиглэж байсан. Хотод орж ирэнгүүт л 10 машины ес нь “Чамайг санана...” вүүү, вүү гээд өнгөрөхөд л сонин гоё мэдрэмж авч байгаа юм чинь.

-Та ямар уран бүтээлчийг сонсдог вэ?

-Нэг уран бүтээлчийн бүх дуу нь хүнд таалагдана гэж байдаггүй юм. Гэхдээ олон жанр төрлийг өөр өөрөөр хийж байгаа учраас тэр гээд тодорхойлчих хүн бол байхгүй. Магадгүй өөрчлөгдөх, Монголчууд дотроо, арай л өөр, дотортой уран бүтээл хийдэг юм уу даа хэмээн Rokit bay-г сонсдог. Яг алийг нь гэж тодорхойлоход хэцүү юм байна.

-Ярилцлагынн төгсгөлд сонсогчиддоо хандаж үг хэлнэ үү?

-Намайг сонсдог бүх хүмүүстээ баярлалаа. Цаг хугацаа бүх зйлийг эдгээдэг тиймээс хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж яваарай. Ганцаардвал чинь хань болж, жаргалтай үед чинь дэм болж явна аа.

Ярилцсанд баярлалаа.

Техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд мод тарихаар төлөвлөжээ
Техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд мод тарихаар төлөвлөжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.