Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 100 жилийн ой энэ өдрүүдэд тохион тэмдэглэж байна. Ойн хүрээнд ОХУ-ын Холбооны хурлын зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев тэргүүтэй төлөөлөгчид манай улсад өнгөрсөн 7 хоногт айлчилсан юм. Энэ үеэр зохион байгуулсан хоёр орны сэтгүүлчдийн чуулга уулзалтад ноён К.И.Косачев оролцов. Тэрээр, “Гадаад бодлого дээр Монгол Улс нь ОХУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой” гэдгийг тодотгож, хоёр орны хооронд стратегийн харилцааг хөгжүүлэхэд Оросын талаас анхаарах ёстой хэмээн онцолж байв.
Тодруулбал, "Монгол Улс руу ирэх болгонд надад хоёр зүйл бодогддог. Гадаад бодлого дээр Монгол Улс нь ОХУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны хооронд стратегийн харилцааг хөгжүүлэхэд Оросын талаас анхаарал хангалтгүй тавьж байна" гэж сэтгүүлчидтэй уулзсан үеэрээ хэлсэн юм. “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлж буй улс орнуудын хувьд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг орхигдуулж огт болохгүй. Үүнд төрийн зүгээс дэмжлэг зайлшгүй чухал юм” гэдгийг онцолж байв.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Улаанбаатар дахь “Русский дом” төвд “Найрсаг хөршүүд-хил хязгааргүй яриа” уриан дор болсон Монгол, Оросын сэтгүүлчдийн чуулга уулзалтад ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн гишүүн Б.Б.Жамсуев, ОХУ-аас Монгол Улсаад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Цогтбаатар, УИХ дахь Монгол, Оросын парламентийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцсон юм.