Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр гишүүдийн зүгээс койнтой холбоотой асуудалд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн анхаарч буйг тодруулж байлаа.
СЗХ-ны дарга Д.Баярсайхан "Сүүлийн үед санхүүгийн зах зээл дээр технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ ихээр гарч байгаа. Үүний нэг нь койн юм. Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны зүгээс хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Тэрийгээ маш тодорхой хэлж байгаа. Бидний зүгээс койныг ханшийн савлагаа ихтэй, хөрөнгөөр баталгаажаагүй, бодит үнэ цэнэгүй гэж харж байна" гэсэн юм.
Харин УИХ-ын даргын зүгээс Виртуал хөрөнгийн хууль батлагдтал шинэ койн, шинэ бирж гаргахыг хязгаарлахыг санууллаа.
Тэрбээр "Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо бид хариуцлага хүлээхгүй гэж хэлж байгаа нь хангалтгүй байна. Койны асуудал хэрээс хэтэрч байна гэж олон хүн ярьж байна. Цалингаа урьдчилж аваад койн худалдаж аваад байна. Бараа материалынхаа мөнгөө койн болгож гээд бөөнөөрөө хоосрох аюул байна. Тэгэхээр УИХ төрийн мөнгөний бодлого хэлэлцэж байгаа энэ үеэр анхааралдаа авахгүй бол болохгүй нь. Виртуал хөрөнгийн тухай хуульд энэ асуудлыг оруулж байгаа учир хууль батлагдвал шинэ койн, шинэ бирж гаргахыг хязгаарламаар байна" хэмээлээ.