Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "2021 оны статистикийг харахаар хадгаламж их хэмжээгээр нэмэгдсэн байна. Энэ нь эдийн засаг хумигдсан, ковид эдийн засагт нөлөөлж байгаа энэ үед хадгаламж нэмэгдээд байгаа нь ямар учиртай юм бэ. Хэдийгээр хадгаламж нэмэгдэж байгаа нь сайн ч эх үүсвэр нь юу вэ. Гурван хувийн хүүтэй зээл маань банкинд 5 хувийн хүүтэй зээл болоод явчихаж байгаа юм биш биз"
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Он гарсаар хадгаламж 3 их наядаар өссөн. Хуримтлал нэмэгдэж байгаа нь санхүүгийн салбарын тогтвортой ажиллагаанд сайн нөлөөтэй. Эх үүсвэрт нь хоёр талаас орж ирж байна гэж Монголбанкнаас харж байна. Нэгдүгээрт, Засгийн газраас ковидтой холбоотой хүүхдийн мөнгө, тэтгэмж олгож байгаа нь хуримтлалын эх үүсвэр болж байна.
Хоёрдугаарт, Эдийн засгийг дэмжих зээл гаргасан. Мөн зээлийг хойшлуулсан. Ипотекийн зээл авсан иргэдийн 50 хувь нь зээлээ хойшлуулсан" гэлээ.