Төрийн албаны томилгооны зөрчилтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
Тус мэдээллийн үеэр Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Төрийн албаны зөвлөл хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох ажлыг зохион байгуулж байна. Энэ онд нийт 861 гомдол мэдээлэл ирсэн. Үүний 568 нь төрийн албанд хууль бус томилгоо хийсэн тухай иргэд, албан хаагчдаас гомдол ирсэн.
Үүнийг тодорхой хуулийн хүрээнд зохицууллаа. Манай зөвлөл энэ онд 87 ажлын хэсэг байгуулж, 282 байгууллагад шалгалт явуулсан. Үүнээс 180 байгууллагын 545 албан хаагчтай холбоотой зөрчил илэрсэн. Дийлэнх нь хууль зөрчиж томилогдсон байна.
Зарим байгууллагыг нэр цохож дурдах юм бол Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Баянгол, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн дотоод аудитын газар, Увсын ЗДГ гэх зэрэг холбогдох байгууллагуудын зөрчлийг арилгуулсан.
Авлигатай тэмцэх газраас ирсэн мэдээлэлд 115 байгууллагын 285 албан тушаалтантай холбоотой мэдээлэл ирсэн. Үүнээс 100 албан тушаалтан төрийн албаны зөвлөлийн хууль зөрчиж хууль бусаар томилогдсон. Мөн Увс, Архангай, Булган, Хөвсгөл аймагт хяналт шалгалт хийлээ. Архангайд 88 хууль бус томилгоо, Увс аймгт 90, Булганд 59, Ховдод 59 хууль бус томилгооны зөрчил илэрсэн. Зөрчлийг арилгуулах хугацаа олгосон байна "гэв.
С.Сувдансондор