Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Орон нутгийн оюутнууд цэргийн үзлэгт орохын тулд чөлөө авч, зардал чирэгдэл болж нутгаа зорьж байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 19 секунд

2021 оны хоёрдугаар ээлжийн буюу намрын цэрэг татлага энэ сарын 21-24-ний өдрүүдэд явагдана. Цэрэг татлагын бэлтгэл ажил 90 хувьтай хангагдаж байгаа аж. Гэвч цэргийн зарлан авсан иргэд заавал өөрийн биеэр цэргийн байранд очиж, эмчийн үзлэгт орж байгаа нь оюутнуудын тулгамдсан асуудал болоод байгааг их, дээд сургуулийн багш оюутнууд хэлж байна. Тиймээс энэ талаар сурвалжилгаа бэлтгэлээ.

ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний албаны дарга Н.Санчирбаатар “Оюутнууд цэрэг татлагатай холбогдуулан хичээлээс чөлөө авах тохиолдол маш их байна. Мөн сургуулиас шаардагдах бичиг баримтуудаа аваад хөдөө орон нутаг руу цэргийн зарлан дуудах хуудсаа барин явж байна. Мэдээж сургуулийн зүгээс оюутнуудаа хохироохгүй, хичээл завсардуулахгүй байх чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Хөдөө орон нутгийн оюутнууд зөвхөн цэргийн зарландаа орохын тулд орон нутаг руу зардал, мөнгө, хоног хугацаа алдах гээд асуудалтай л байна.

Миний хувьд цэрэг татах ажилд шүүмжлэлтэй ханддаг. Учир нь хичээл эхлээд удаагүй байхад цэрэгт тэнцсэн оюутнуудыг аваад явчихдаг. Дараа жил нь мөн л хичээл орсны дараа халагдана. Энэ нь тухайн оюутан 1.5 жилээр хичээлээс завсардаж байна гэсэн үг шүү дээ. Энэ талаар зохицуулалт хиймээр санагддаг” хэмээлээ.

МУБИС-ийн Хөтөлбөрийн албаны дарга Г.Агиймаа “Манай сургуульд элсэн суралцаж буй оюутнуудын дийлэнх нь хөдөө орон нутгийн харъяалалтай байдаг. Цэргийн үзлэгт заавал харьяа орон нутагтаа орно гэж шаарддаг нь нэгдүгээр курсын оюутнуудад нэлээд хүнд байдал үүсгэдэг. Энэ жил цэргийн үзлэгт орохоор орон нутаг руугаа явсан, ковидын халдвар авсны улмаас хичээлдээ суух боломжгүй оюутнууд олон байна. Энэ нь оюутнуудад хүндрэл, чирэгдэл үүсгэж байгаа нь үнэн. Хамгийн наад зах нь, 20-30 мянган төгрөгөөр нэг талын замын зардал төлж байна. Тэгээд нэг хоноод ирэх ажил биш, дор хаяж 3-4 хоног чөлөө авч байна. Цэрэг татлага процессийн хувьд асуудалтай байна. Цэрэг татлагатай холбоотойгоор 20-30 оюутан хичээлээс чөлөө авсан байгаа. Ялангуяа танхимын хичээл саяхан эхэлсэн энэ үед оюутнууд зардал чирэгдэл болж ирчихээд сар хүрэхгүй хугацааны дараа дахиад нутаг буцаж байгаа нь хүндрэлтэй байгаа" гэв.

МУБИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Билгүүн Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяалалтай. Аймгаас цэргийн зарлан ирсэн учраас өнгөрсөн долоо хоногт нутаг руугаа яваад ирсэн. Жилд хоёр удаа цэргийн үзлэгт орохын тулд хичээлээс чөлөө авахаас эхлүүлээд хүндрэл их гардаг. Багш нар ойлгоод чөлөө өгдөг ч ирж очих замын зардал бас л асуудалтай шүү дээ. Цэргийн үзлэгт орох заасан хугацаанаас 2-3 хоногийн өмнө очихгүй бол хоцрох тохиолдол байдаг. Учир нь эрүүл мэндийн шинжилгээнүүд өгдөг. Мөн Улаанбаатараас Сэлэнгэ хүртэл хол зайтай. Цаашлаад шинжилгээ өгч, хариу гарах гэсээр 2-3 хоног болно. Харин үзлэгт ороход бүтэн өдөр шаардагдана. Ингэхээр бараг долоо хоног болж байна. Оюутан бидний хувьд цаг хугацаа, мөнгө санхүү, хичээлийн хоцрогдол гээд хохирол их байна” гэлээ.

МУБИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан О.Бат-Эрдэнэ “Би Архангай аймгийн харьяат. гэрээс "Цэргийн зарлан ирсэн шүү. Ирж үзлэгтээ хамрагдаарай” гэсэн. Жил бүр өөрийн биеэр очиж, цэргийн үзлэгт ордог. Энэ жил төгсөх курсын дадлага хийж байгаа үе таарч байна. Урьд нь хичээлээсээ чөлөөд аваад явчихдаг байсан. Энэ удаад дадлагад гарчихсан учраас яахаа мэдэхгүй л байна. Орон нутаг руу очиж, цэргийн үзлэгт хамрагдах нь зөвхөн нэг хоногийн асуудал биш. Дор хаяж 4-5 өдөр шаарддаг. Нийслэлд байгаа газраа цэргийн үзлэгт ордог бол амар л байна" гэв.

Оюутнуудад тусламдаад буй уг асуудлаар НЗДТГ-ын Цэргийн штабаас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн олдоогүй юм.

Харин Ulaanbaatar.mn буюу НЗДТГ-ын албаны сайтад НЗДТГ-ын Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга "Хуучин Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулиар их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж буй оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь цэргийн албанаас түр чөлөөлдөг байсан. Одоо бол энэ заалт хүчингүй. Хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар оюутныг чөлөөл гэсэн заалт байхгүй. Тиймээс оюутнууд зарлан дуудах бичгийн дагуу цэрэг татлагад хамрагдах ёстой. Цэргийн татлагын байрандаа очиж, эрүүл мэндийн үзлэгээр орох юм. Харин гадаадад суралцахаар болсон, гадаад руу явах, эсвэл өвчтэй, ар гэрийн гачигдалтай, албан томилолтын улмаас цэрэг татлагын өдөр эзгүй байх иргэдийг цэрэг татлагын байранд урьдчилсан байдлаар хүлээн авч, уулзаж байгаа" хэмээн ярьжээ.

Цэрэг татлагатай холбоотой оюутнуудад дээрх хүндрэл үүсч байгааг бид энэ удаад хөндлөө. Гэвч уг асуудалд тайлбар өгөх, хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өгөх хүн алга. Монголын оюутны холбооноос эхлээд, дээд шатны шийдвэрлэх байгууллагууд хүртэл эл асуудалд хойрго хандаж байна.

Тодруулбал, уг асуудлаар МОХ-ноос тодруулахад “Оюутнуудаас энэ асуудлаар гомдол ирээгүй учир мэдэхгүй байна” гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Ташрамд дурьдахад, МОХ бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон төрийн бус их, дээд сургууль, коллеж, МСҮТ-дэд мөн гадаад улсуудад их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуулиудад Монголоос элсэн суралцаж буй 170.000 гаруй оюутан, суралцагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалан, амжилттай суралцах нөхцлийг нь бүрдүүлэн ажиллладаг оюутны төрийн бус төв байгууллага билээ.

Э.Дэлэгнанзадмаа

С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц Оросуудын эрх ашигтай зөрчилдөхгүй. Энэ бол эрчим хүчний тусгаар тогтнол
С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц Оросуудын эрх ашигтай зөрчилдөхгүй. Энэ бол эрчим хүчний тусгаар тогтнол
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.