Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өчигдрийн БНХАУ-ын болон Монгол Улсын Ерөнхий сайд нарын цахим уулзалтын мөрөөр болж байгаа гэж хэлж болох эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарт Монгол-Хятадын хамтарсан зөвлөл 2014 онд байгуулагдсан. 2017 онд хоёр дахь их хурлаа хийснээс хойш хуралдаагүй хамтарсан зөвлөлийн гурав дахь зөвлөгөөн энэ сарын 15-ны өдөр буюу нөгөөдөр 15.00 цагаас цахим хэлбэрээр зохион байгуулна. Улаанбаатар хотыг тойрсон хурдны автозамын төсөл, баганан тулгуурт автобусны зам, хөнгөн галт тэрэг барьж байгуулах төсөл сэргээгдэх эрчим хүчний цогцолбор, Алтанбулаг Замын-Үүд чиглэлийн хурдны автозам болон зам дагуу ложистик төвүүдийг барьж байгуулах төслийн талаар ярилцана. Эдгээр төслүүдийг харилцан ашигтай байдлаар явуулах замаар хоёр улсын төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллах чиглэлээр дэмжлэг үзүүлэх тухай өчигдөр урьдчилан ярилцсан" гэв.