Хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Ц.Янжинлхам энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ойролцоо гарцаар гарч яваад машин мөргүүлж, хүнд гэмтэл авчээ. Тодруулбал, аарцагны яс болон нүүрний яс нь хугарч тэр даруйдаа ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэтэл түүнийг мөргөсөн Ц гэгч нь ГССҮТ-ийн таван өдрийн ор хоног, эхний хагалгааны төлбөрийг төлөөд үлдсэн хагалгааны мөнгийг төлөлгүй, шүүх, цагдаа, эмч нарт авлига өгч, өршөөлийн хууль нэрийн дор ямар ч ял эдлэлгүй орхиод явсанд гомдолтой байна хэмээн иргэн Ц.Янжинлхам манай сайтад хандлаа.
-Танд юу тохиолдсон талаар эхнээс нь бидэнтэй хуваалцахгүй юу?
-Би 2021 оны дөрөвдүгээр сарын 4-нд аваарт орсон. Тав хоног гэмтлийн эмнэлэгт хэвтээд хөөгдөөд гарсан. Нүүрний баруун талын хэсэг тэр чигтээ цууралттай, эрүү цууралттай. Намайг дайрсан хүн эхний хагалгааны мөнгө болон ор хоногийн мөнгийг төлсөн. Гэтэл эмнэлгээс хөөгдөж гарснаас хойш миний бие муу хэвээр байна. Аарцагны гурван хугаралт байнга өвддөг. Шөнө ч унтаж чадахгүй өвдөж байна. Нүүрний яс ч янгинаж байна. Би хоёр хүүхдээ тэжээгээд хүнээс гуйхгүй болгоод байдаг байсан. Гэтэл одоо хоёр хүүхдээ өсгөх нь бүү хэл өөрийгөө ч арчилж чадахгүй байна.
-ГССҮТ-д тав хоног хэвтээд гарсан гэлээ. Таны эмчилгээг бүрэн дуусгаагүй гэсэн үг үү?
-Тийм. Би яаралтай хагалгаанд орох ёстой. ГССҮТ-өөс гараад биеийн байдал муу хэвээр байсан учраас хувийн эмнэлэгт үзүүлсэн. Гэтэл хагалгаанд орох шаардлагатай, хагалгааны зардал 4-6 сая төгрөг болно гэж хэлсэн. Дээрээс нь миний өвчний түүхийг ГССҮТ-өөс гаргаж өгөхгүй байна. Тэр эмэгтэй бүгдийг нь мөнгөөр зохицуулаад өөрийгөө аргалсан. Эмч нь надад "Чамаас хүнд хүмүүс ирж хэвтдэг. Яагаад баашлаад байгаа" юм гэж загнаад хөөсөн.
-Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шийдвэрлэж өгөөгүй хэрэг үү?
-Тээврийн цагдаагийн албаны А гэдэг цагдаа миний дайруулж байгаа бичлэгийг гаргаж өгөхгүй байна. Бас л тэр эмэгтэйгээс мөнгө авсан байх. Би явган хүний гарцаар гарч байсан. Бүх машин нэгэн зэрэг зогсоод намайг гар гэж байхад тэр эмэгтэй намайг санаатайгаар ирж дайрсан. А гэх цагдаа миний хэргийг ер авч хэлэлцээгүй. Би даргад нь хүртэл удаа дараа өргөдөл гаргаж өгөхөд миний өргөдлийг нэг ч удаа аваагүй. Тухайн үеийн камерын бичлэгийг хүртэл нуун дарагдуулж байгаа. Би хуулийн өмнө өвчний түүхээ авч чадахгүй, аваарт орсон бичлэгээ авч чадахгүй байна. Миний өмнөөс "Хүний амь үнэгүй болсон" гээд машинд мөргүүлээд амиа алдсан хүний бичлэгийг хүртэл үзүүлж байна. Тэр хэнд хамаатай юм бэ. Монголын нийгэм өнөөдөр золиос, үхэл хагацлаар дүүрч байна. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг гэх Монгол төр хаана байна вэ.
-Таныг санаатайгаар мөргөсөн гэхээр энэ эмэгтэйг та таньдаг юм уу?
-Энэ бол миний салсан нөхрийн хийж байгаа ажил гэж бодож байна. Би нөхрөөсөө салаад удаж байгаа. Тэр хүнтэй олон жил хэрүүл, маргаан хийж байгаа. Тэр хүн өс хонзонгийн сэдлээр ийм үйлдэл гаргасан гэж бодож байна. Тэр эмэгтэй надад "Чи өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө бод. Чиний өмнөөс хэн ч чамд туслахгүй" гэсэн. Шүүх дээр надаас уучлалт гуйсан. Гэтэл уучлалт гуйлгаад миний бие эдгэхгүй.
-Шүүх хурал болсон гэж үү?
-Болсон. Шүүх хурлаар тэр эмэгтэйг миний эмчилгээний зардлыг төлөөрэй гээд ял оноосон. Хүнийг дайрч хүнд гэмтэл учруулчихаад хэдхэн сарын дараа Өршөөлийн хуулиар гараад ирж байна. Надад өмгөөлөгч авах мөнгө байхгүй. Би эмчилгээний зардлаа авах гэхэд баримт нэхээд байгаа. Баримт нь надад олдохгүй байна. Хагалгаанд орсны дараа нь баримт нь гарна шүү дээ. Мөн дээрээс нь ГССҮТ-өөс өвчний түүхээ ч авч чадахгүй байна. Үнэндээ хаана хандахаа мэдэхээ байлаа.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Алба хаагчтай холбоотой асуудлыг хяналт шалгалтын тасгаас зохицуулдаг учир хохирогч гэх эмэгтэй тухайн тасагт өргөдөл өгөөд асуудлаа шийдвэрлэх боломжтой. Харин сэтгүүлчид мэдээлэл өгөх боломжгүй" гэв.