МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Бүлгийн хуралдаанаар 2022 оны төсвийг хэлэлцсэн гэж бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн. Тэрбээр "Төсвийн хуулиараа ирэх сарын 15-наас өмнө 2022 оны төсвийн тухай хуулийг батлах ёстой. Энэ бол намрын чуулганы нэг том асуудал. Тиймээс бүлгийн хурлаар хэлэлцэж, тодорхой шийдлийг гаргасан" гэсэн юм.
Улмаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нэлээн шүүмжлэл дагуулж байна. Бүлэг дээр энэ асуудлыг ярив уу?
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Х.Ганхуяг нарын 4 гишүүн өргөн барьсан. Өнгөрсөн баасан гаригийн чуулганаар энэ асуудлыг зөвхөн хэлэлцсэн. Түүнээс биш батлаагүй. Үүний дараа хууль өргөн барьсан гишүүдээс янз бүрийн мэдэгдэл хийгээд нэрээ татсан байна лээ. Журмаараа өргөн барьсан гишүүдийн 50 хувь нь хуулийнхаа төсөлд оролцохгүй гэвэл хууль татагддаг. Тиймээс энэ хуулийг бараг татагдаад явах байх гэж бодож байна.