Засгийн газрын хуралдаанаас НЗДТГ-ынхныг арванхоёрдугаар сарын 31-ний дотор Яармаг дахь шинэ байр руугаа нүүж орох шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан "Хангарьд ордон"-г дуудлага худалдаанд оруулж, худалдаалахаар шийдвэрлээд буй. Дуудлага худалдааны эхний үнэ нь 43 тэрбум төгрөг гэх мэдээлэл цацагдаж байсан юм.
Тэгвэл уг ордныг Ерөнхийлөгчийн зүгээс Улсын дээд шүүхэд өгөх чиглэлийг Засгийн газарт өгсөн байна. Энэ талаараа тэрбээр өнөөдөр Төрийн ордонд болж буй нийт шүүгчийн анхдугаар чуулганы хуралдаанд мэдээллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Төрийн тэргүүний хувьд Улсын дээд шүүхийг улсынхаа төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулаасай хэмээн хүсэж байна. Энэ талаар миний бие Засгийн газарт холбогдох чиглэлийг өгсөн. Засгийн газар уг асуудлыг нааштай шийдвэрлэнэ гэдэгт би итгэж байна.
Мөн нийгмийн амьдрал хурдацтай хөгжихийн хэрээр шүүгчийн шийдэх асуудлын ачаалал асар нэмэгдэж байгаа. Энэ асуудалд ч онцгой анхаарч ажиллах ёстой болж байна.
Төрийн тэргүүний хувьд хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжин ажиллахаа илэрхийлж байна" гэв.