УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ талаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Төмөр зам 2022 оны долдугаар сард ашиглалтад орно гэж та /ЗТХ-ийн сайд Л.Халтар/ бичсэн байна. Ингэснээрээ хэмжээ хэд болох, өртөг зардал хэрхэн буурах вэ. Одоо автотээврээр нэг тонн нүүрс ямар зардлаар гардаг, төмөр зам болохоор хэд болж буурах вэ" гэж асуулаа.
Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар "Автотээврээр тээвэрлэж буй одоогийн байдлаар дунджаар 32 ам.доллароор нэг тонн нүүрс тээвэрлэж байна. Төмөр зам ашиглалтад орсноор 8.5 ам.доллар буюу ДӨРӨВ дахин багасна гэсэн тооцоотой байгаа" гэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Хил гарах хоёр төмөр замын огтлолцох цэгийн асуудлыг Хятадын талтай санал солилцож, санамж бичиг байшуулсан гэсэн байна. Ирэх оны долдугаар сард ашиглалтад орох төмөр зам хаагуур огтлолцохоо бүрэн тогтсон уу" гэж тодрууллаа.
Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар "2022 оны долдугаар сард ашиглалтад орох төмөр зам бол Тавантолгой-Гашуунсухайт хоорондын 238 км зам юм. Хил холболтын цэгийн хувьд өнөөдрийн байдлаар ч мөн гэрээ хэлцэл хийж байна" гэв.