УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.
Тэрбээр "Одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн тогтолцооны хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээг зохицуулсан шаардлага тусгагдсан байдаг аж. Гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдогоос гадна гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой юм байна. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой" гэсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байж манай эдийн засаг сайжирна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад ялгавартай хандаж буй 100 мянган ам.долларын асуудал, газар эзэмших эрхийн асуудал, зарим үл хөдлөх хөрөнгө эзэмших асуудал, гэрээний болон талуудын маргааны асуудал, түүнчлэн дампуурлын процесс тодорхойгүй байна гэж хөрөнгө оруулагчид ярьдаг. Мөн авлига хээл хахуулийн асуудал байна. Хуулийн байгууллагын шударга тогтолцоог бий болгохгүй бол гадаадын хөрөнгө оруулагчид үргэж байна. Гэхдээ үүнд олон асуудалд тулгамдаад байгаа. Байнга оршин суух зөвшөөрөл авахдаа гадаадын хөрөнгө оруулагч 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан байх шаардлагатай юм байна. Одоогийн 100 мянган ам.долларыг багасгаад юм байна шүү дээ. Одоо яг хэдэн хүн байгаа юм бэ.
Дараагийн асуудал хоёр хүнийг ажлын байраар хангасан байх ёстой гээд байна. Шаардлагагүй зүйлийг хуульд оруулсан байна. Эсвэл энэ заалтаа бүр авчих хэрэгтэй. Эсвэл тоо нэмээд тодорхой тоо заая.
УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Х.Ганхуяг "100 мянган ам.доллартай асуудал хөрөнгө оруулалтын тухай хуульд байх гол зорилго нь дотоодын жижиг болон бичил бизнесийг хамгаалах юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 15 мянга гаруй гадаадын хөрнөг оруулалттай ААН үйл ажиллагаа явуулж байгаа гэх тоо байдаг боловч дампуурлын хуулиас болоод хэд нь үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой бус байгаа. Тиймээс дампуурлын хуулиа шинэчлээд явах хэрэгтэй. Ажлын байрны тоог заасан нь Зүүн өмнөд Азийн дундаж жишиг нь хоёроос доошгүй байдаг. Ажлын хэсэг дээр үүнийг засч залруулаад явах боломжтой" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулахыг том зургаар нь дэмжиж байгаа. Гэвч байнгын хороонд байгаа байдал, хариултыг нь харахаар дэмжмээргүй байна. Гадаадаас ирж буй иргэд ямар салбарт хөрөнгө оруулах, бид ямар салбараа нээлттэй байлгах юм гэдэг заалт оруулах юм уу. Засгийн газрын тогтоол хуулинд чинь байх ёстой гэж би ойлгоод байна. Зах зээлээ бид яаж хамгаалах юм гэдэг жинхэнэ төрийн хар бодлого байх ёстой. Энэ хаана байна вэ" гэлээ.
Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Салбараар нь ангилаад экспортод чиглэсэн тодорхой хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг дэмжээд, бусад чадаж байгаа салбаруудад тодорхой хязгаарлалтад гаргах нь зөв. Олон удаагийн виз, байнгын визний асуудлыг засаад залруулаад явах нь зөв байх" хэмээв.