УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганы хугацаанд нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зөвшөөрлийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Актив удирдлагын компанийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиуд багтсан байна.
УИХ-ын намрын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр "Өнөөдөр олон улсын ахмадын өдөр тохиож байна. Азай буурал ахмадууддаа Монгол Улсын их хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, энх тунх урт удаан насалж, насны буянаа эдлэн жаргахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Өнөөдрөөс эхлээд УИХ-ын гишүүд түргэвчилсэн шинжилгээ өгч халдвар хамгааллын дэглэмээ сахин шинэ хэвийн горимоор танхимаар хуралдаж эхэлж байна. Цаашдаа энэ горимоор танхимаар хуралдана. 2022 оны улсын төсвийг хэлэлцэж батлахаас эхлэн нэн чухал олон шийдвэрүүдийг гаргаж, хичээж ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна" гэв.